АНУ-н Корнеллийн их сургууль болон Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаачдын хамтарсан баг гарын хөдөлгөөнийг 3D байдлаар унших чадвартай, хөнгөн жинтэй бугуйвч бүтээхээр ажиллаж байна.
Уг бүтээлийн FingerTrak гэж нэрлэж байгаа бөгөөд 4 ширхэг бичил камер, дулаан бичих чадвартай мэдрэгч болон олон төрлийн мэдрэгчийг өөр дээрээ агуулж байгаа нь давуу талтай гэнэ. Уг бүтээлийг анх бүтээх болсон шалтгаан нь хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлийг орчуулах байсан хэдий ч бүтээлийн явцад улам боловсронгуй болж хөгжсөөр цаашдын зорилго ч улам өргөн болсон гэнэ.
Уг бугуйвч нь таны ухаалаг цагтай ижил биеийн үзүүлэлт, цусны даралт зэрэг бүхий л зүйлийг шалгах чадвартай бөгөөд мөн утастайгаа холбогдсон үедээ гарын хөдөлгөөнөөр команд өгөх боломжтой болох ажээ.
Мөн түүнчлэн тамхи, хэт таргалалт болон архинд донтох муу зуршлуудтайгаа тэмцэж буй хүнд маш их тус болно гэж үзэж байгаа ажээ. Учир нь энэ бугуйвч нь өөр нэгэн төхөөрөмж эсвэл өөр хэрэглэгчийн утастай холбогдох боломжтой бөгөөд ингэснээр таныг ямар нэгэн хортой зүйл хэрэглэх, эсвэл хуучин муу зуршилдаа эргэн ороход нөгөө хэрэглэгчид сануулах зурвас илгээдэг байна. Мөн Алцхеймэрийн өвчин зэрэг хүнд хэлбэрийн өвчин эмгэг, гэнэтийн зүйлс тохиолдоход ч шууд мэдээлэл дамжуулдаг байна.
Эх сурвалж: Forbes