Сансар огторгуйн “Хар нүх”
Одон орон судлалын шинжлэх ухаанаас өнөөдөр хамгийн их сонирхол татаж буй зүйл нь “Хар нүх” юм.
Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн харьцангуйн онолдоо гэрлийг хүртэл цааш нь түгээхгүй өөртөө татаж оруулах чадал бүхий хэт их таталцлын хүчтэй, маш их нягтаршилтай хар нүх сансар огторгуйд байх ёстой гэж бичиж үлдээжээ. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд Сансарын физикийн эрдэмтдийн баг дэлхийгээс гэрлийн хурдаар гарлаа гэхэд 55 сая жилийн дараа хүрч очих Мессье 87 буюу M87 гэх галлактикийн төвд байх хар нүхний фото зургийг дэлхий нийтэд дэлгэн үзүүлсэн билээ.
Энэ нь хар нүхний анхны бодит фото зураг гэдгээрээ үнэхээр онцлог зүйл болсон юм. Энэхүү хар нүхний хэмжээ нь 200 жилд нэг удаа нарыг тойрдог Тэнгэрийн ван гаригийн нийт тойргоос ч хамаагүй том, нарнаас 6.5 тэрбум дахин хүнд аж. Эрдэмтэд хар нүхний зураг авах ажлаа 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж яг гурван жилийн дараа дөрөвхөн хоногт багтаан, дэлхийд өөр хоорондоо маш хол байрласан Одон орон судлалын найман төвд нэгэн зэрэг энэхүү хар нүхнээс ирж буй радио долгион буюу фотоны мэдээллийг цуглуулж маш хүчтэй компьютерт оруулан тусгай программын тусламж, тоон системийн ачаар фото зургийг гаргаж авсан билээ. Одон орон судлалын төв болгон нэг петабайт орчим мэдээлэл цуглуулсан бөгөөд нэг петабайт нь нэг сая гигабайттай тэнцэнэ гэхээр ямар нүсэр ажил болох нь ойлгомжтой.
Эрдэмтэд фото зургийг нь л авч чадаагүй байсан болохоос хэд хэдэн хар нүхийг урьд нь илрүүлчихээд байсан билээ. Хар нүх гэдэг нь ямар ч гэрэл, цахилгаан болон соронзон долгион нэвтрэхгүй хэт хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай юм. Гэрлийг хүртэл муруйтал нь татаж өөртөө оруулж аваад цааш нь явуулдаггүй гээд бод доо. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдгээс хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагддаггүй. Тиймээс хар нүх хэмээн нэрлэсэн билээ. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч ойролцоо байгаа бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаагаар нь түүнийг илрүүлж олдог байна. Тухайлбал, хар нүхэнд татагдан орж буй хий, тоосонцроор хар нүх байгааг баталдаг. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, халан, их хэмжээний цацраг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдан эрдэмтдэд өөрийгөө барьж өгдөг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчим заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Мөн нүх биш хонгил юм байна гэсэн ойлголтод ихэнх эрдэмтэд хүрээд байгааг дурдах хэрэгтэй. Тэд хар нүхний нэгээр нь орж нөгөөгөөр нь гарвал огт өөр цаг хугацаа, хэмжигдэхүүнтэй бидэнтэй зэрэгцэн оршиж буй өөр ертөнцөд очно гэж үзэж байна. Учир нь хар нүхний хамгийн гайхамшигтай чанар нь энэ нүхний орчимд цаг хугацаа хүртэл өөрчлөгддөгт байгаа юм.
Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон оронч Жон Мишел гаргаж байв. Удалгүй 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооллын дүнд мөн адил дүгнэлтэд хүрчээ. Харин хар нүх гэсэн нэршлийг анх, Америкийн физикч, онолч Жон Арчибальд Уилер 1967 онд уншсан, алдарт “Манай орчлон ертөнц: Бидний мэдэх болон мэдэхгүй зүйлс” (Our Universe: the Known and Unknown) илтгэлдээ хэрэглэжээ. Үүнээс урьд хар нүхийг одон орончид мөхмөл, сүйрсэн, эсвэл хөлдүү од хэмээн нэрлэж байсан билээ.
Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл "сорогдож" буй анхны шинж тэмдгийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/-ийн сансрын тойрог замд байрлуулсан "Чандра" гэдэг рентген дуран авайны тусламжтайгаар мэдэж авчээ. Бидэнд харагдаж буй однууд нь бүгд том, жижиг нар бөгөөд тэд агаар мандлаас болж бидэнд анивчиж харагддаг. Бас дэлхийгээс оддыг зөвхөн шөнө л харах боломжтой. Эдгээр алдаанаас зайлахын тулд эрдэмтэд дэлхийн тойрог замд "Чандра" нэрт дуран авайг байрлуулсан юм. Чандра гэдэг нь Энэтхэг домогт гардаг сарны бурхны нэр билээ. Тухайн үед энэхүү дурангаар авсан зураг хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч бусад биетэд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуултад хариулахад туслах болно гэж NASA мэдээлж байв. Шинээр нээсэн хар нүхний нэг нь дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших “NGC 3115” галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил гэдэг нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай юм. Хийн үүл хар нүхний соронзон орны "залгих" бүсэд орохдоо хэлбэрээ алдаж байлаа. Хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буй нь "Чандра" дуран авайгаар авсан зурагт тод харагдаж байсан билээ. Мөн хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү хар нүхний жин нарнаас хоёр тэрбум орчим дахин их гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргаж байв.
Сансарт хар нүх сөнөж буй нарнаас бий болдог. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй нь энэхүү татах хүчтэй холбоотой. Эдээр хар нүхнүүд нь сансрын хий тоосонцроос авахуулаад бие даасан гариг тэр бүү хэл бүхэл бүтэн галлактикийг ч сорон авах чадвартай. Сүүлийн үед хар нүх нь бүх зүйлийг сорох төдийгүй тодорхой хугацааны дараа анх байснаас нь сайжруулж буцаан гаргадаг гэж зарим эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаардана гэнэ. Нарны аймаг нь зах хязгааргүй галлактикийн маш өчүүхэн хэсэг бөгөөд манай энэхүү галлактикт маш олон хар нүх байгаа аж. Эдгээрээс хоёр нь л дэлхийд аюул учруулж магадгүй аж. Гэхдээ бидний аз болоход эдгээр хар нүх биднээс 1600 гэрлийн жилийн зайд байгаа юм. Эрдэмтэд бараг давхцаж буй зэргэлдээ энэ хоёр хар нүхийг Энэтхэг домгийн сарны бурхны нэрээр мөн л “Чандра” гэж нэрлэжээ. Учир нь эрдэмтэд энэ хоёр нүх таталцлын улмаас удахгүй нэг хар нүх болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Эцсийн эцэст дотор нь орсон бүх зүйл гадагшилж хар нүхэнд зөвхөн цацраг идэвх л үлдэх бөгөөд удалгүй сарнин бүрмөсөн алга болдог гэж ихэнх эрдэмтэд үзэж байна.
Энэ бүхнээс дүгнэж үзэхэд оддын систем буюу галлактикт цөөнгүй, нүдэнд үл харагдах, маш их нягтаршилтай, гэрлийг хүртэл цааш явуулахгүй өөртөө татаж аваад буцааж гаргадаггүй хэтэрхий гэмээр их татах хүчтэй орон зай байдаг ажээ. Үүнийг хар нүх гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий, тоосонцор, дэлхий болон нарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг “сорж” мөхөөх чадвартай аж.
Харин үүнээс бусад нь зөвхөн эрдэмтдийн дэвшүүлж буй таамаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Эх сурвалж: Forbes.com
Манай сайт "САНСАР ОГТОРГУЙ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй