Хиймэл оюуны тусламжтайгаар ижил шувуудыг хооронд нь ялгаж чаддаг болжээ
Хэдийгээр маш гярхай шувуу судлаачид харлаа ч эргэлзэж харахаар ижил шувууд байх нь цөөнгүй. Зарим тохиолдолд уг шалтгаанаас болоод шувуу тоолох ажил хүндрэлтэй байдаг ажээ.
Тийм учраас шувуу судлаачид анх удаа хоорондоо хэт адилхан, жижиг хэлбэрийн шувуудыг ялгах чадвар бүхий хиймэл оюун ухаан бүтээсэн байна. Эрдэмтэд олон цагийн ажлаа хэмнэхийн тулд хиймэл оюун бүхий компьютерд хоорондоо хэт ижил хэдэн мянган шувуудыг шинж тэмдэгээр нь ялгаж таниулсан байна. Тэгснээр шувуудыг барьж, сарвууг нь бөгжилж цаг алдах шаардлагагүй болно гэж эрдэмтэд үзэж байна.
Экологийн Хувьсал судлалын хүрээлэнгийн доктор, профессор Андре Феррейра: Бид өөрсдөө ч хооронд нь хараад ялгаж чадахгүй байгаа шувуудыг компьютер хараад ялгаж таньж чаддаг болсон. Энэ амжилтаараа бид цаашид шувуу судлалын ажлын хүндрэлээ үгүй болгож, маш их ажил бүтээж чадна гэжээ.
Феррейра уг санааг анх Өмнөд Африкт шувуудын цуглааныг ажиглах явцдаа бодож олжээ. Тэрээр маш олон тооны сүрэг шувууд цуглаж, хамтран аварга үүр барьж байхад нь тоолохыг оролдсон ч хоорондоо хэт адил учир чадаагүй ажээ. Тэрээр сүрэг дэх шувуудын гүйцэтгэж буй үүрэг зэргээр нь ялгаж чадаж байсан ч дүр төрхийн хувьд ялгахааргүй байсан учир хиймэл оюуны тусламжтай ялгаж болох эсэхийг бодож эхэлсэн гэнэ.
Тэрээр хиймэл оюуныг хөгжүүлж дууссаны дараа хоорондоо хамгийн ижил байдаг Зебрийн амадин зэрэг шувуудыг барьж, компьютер таньж чадах долгион бүхий суулгац байрлуулж, зургуудыг нь тогтмол авсан байна. Дараагаар нь хиймэл оюуны санах ойд уг зургуудыг хуулснаар дүн шинжилгээний ажил эхэлж, хиймэл оюун уг төрлийн шувуудыг хооронд нь ялгах чадвартай болжээ.
Одоогийн байдлаар зөвхөн өмнө нь санд нь оруулсан төрлийн шувуудыг таних чадвартай байгаа хэдий ч тун удалгүй бусад шувуудын мэдээллээр санг нь баяжуулж илүү хүчирхэг болгохоор уг багийнхан ажилласаар байгаа ажээ.
Эх сурвалж: Guardian