Интернет бол өнөө цаг үед дэлхийг холбож байгаа хэрэгсэл бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд, бидний амьдралын бүхий л зүйлстэй холбоотой байдаг. Үүнийг 20-р зууны хамгийн агуу нээлт гэдэгтэй маргах хүн ч цөөхөн байх. Гэсэн хэдий ч нэг том асуудал нь дэлхийн хэмжээнд 173 тэр бум ам.доллароос ч илүү хохирол учруулаад байгаа нууцлалын асуудал билээ.
Тийм ч учраас 21-р зууны дэвшилтэт технологийн ачаар, мэдээлэл алдахгүй, хакдах боломжгүй сүлжээ үүсгэхийг олон газар зорьж байгаа нь нууц биш. Гэхдээ хакдах боломжгүй сүлжээ үүсгэх нь боломжтой юу?
Энэ тухайд АНУ-н ЭХЯ-с Чикаго-н Их сургуульд хийсэн уулзалтын үеэр квантын интернетийн тухай мэдээлэл хийсэн байна. ЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Бид шинэ үеийн холбоо харилцааны үндсийг тавьж, АНУ-г квантын технологийн уралдаанд тэргүүн байранд оруулна гэж мэдэгдсэн байна. Тэдний үзэж байгаагаар квантын интернет нь маш чухал салбарууд болох улсын аюулгүй байдал, шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн салбарын аюулгүй байдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа ажээ.
Уг төсөл дээр хэд хэдэн их сургууль болон лаборатори ЭХЯ-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд уг төслийг 2018 онд АНУ-н ерөнхийлөгч Трамп квантын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн ажээ. ЭХЯ-ны эрдэмтдийн баг одоогоор Чикаго хотын захын дүүрэгт 52 милийн радиус бүхий хэсгийг уг интернетээр хангаад байгаа бөгөөд илүү хөгжүүлсний үндсэн дээр хотуудыг цаашлаад мужуудыг холбож, энэ байдлаараа Америк улсын онц тусгай объектуудыг хангахаар ажиллаж байгаа ажээ. Уг төсөл дээр одоогийн байдлаар 17 лаборатори ажиллаж байгаа бөгөөд удалгүй эдгээр лабораториудыг хооронд нь холбох аж.
АНУ-н Эрчим хүчний нарийн бичгийн дарга Дан Бруйлетте: Бидний өнөөдрийн хийж буй ажил тун амжилттай яваа. Бид энэ ажлаараа улсынхаа квантын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна гэж мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч технологийн дэвшлийн хувьд тэдний хамгийн том өрсөлдөгч болох БНХАУ ижил төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд аль хэдийн Бээжин болон Шанхайг холбосон 1263 милийн урттай сүлжээ үүсгээд байгаа билээ.
Эх сурвалж: Forbes