Хиймэл оюун гэж юу вэ?
Бид өмнөх удаагийн мэдээллүүдээр олон удаа хиймэл оюун болон түүнийг юунд ашиглаж байгаа, эдгээрийн ашиг тус гэх мэт мэдээллүүдийг оруулдаг байсан билээ. Гэсэн ч зарим хүмүүс хиймэл оюун гэж юу болох, хиймэл оюунт төхөөрөмж хэрхэн суралцдаг тухай тийм ч нарийн ойлголтгүй байх нь олон. Тийм учраас энэ удаагийн нийтлэлээр хиймэл оюун гэж юу болох, мөн төхөөрөмж хэрхэн суралцдаг тухай ойлголтыг авахын тулд юуг мэдэх хэрэгтэй гэдэг талаар тайлбарлая.
Бид цаг үе, өөрчлөлт, цар тахал зэргээс шалтгаалж технологийн өндөр хөгжил шаардлагатай эрин үед амьдарч байна. Тийм ч учраас дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүд хиймэл оюуны технологийн инновацид маш их хэмжээний хөрөнгө, цаг хугацааг зарцуулж байгаа билээ. Хэдийгээр одоогийн нөхцөл байдалд жолооч шаардлагагүй, автомат жолоодлоготой машин зэрэг бидний ирээдүйд харна гэж боддог байсан технологиуд хэдийнээ үйлдвэрлэгдэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэсэн ч бие даасан, биднээс хараат бус өөрийн ухаант хиймэл оюунт бүтээл бүтээх нь өнөөдрийн нөхцөлд бидний чадамжаас давсан асуудал юм, гэсэн ч бид холгүй ирсэн гэдэг нь сүүлийн үеийн нээлтүүдээс батлагдана.
Хиймэл оюуны гол үндэс суурь, амин сүнс нь техникийн суралцах чадамжид үндэслэдэг. Энэ нь юу гэдгийг ойлгохын тулд дараах зүйлсийн талаар дэлгэрүүлж судалъя.
- Мэдээллийн сан бол гол өгөгдөл
Маш энгийнээр тайлбарлахад суралцах чадвар нь бидний компьютерт мэдээлэл боловсруулах команд өгдөгтэй ижил үйлдэл юм. Бидний боловсруулсан алгоритмын хүрээнд бичгийн хэв таних, ижил төстэй зүйлс сонгох гэх мэт үйлдлүүдийг компьютер хийж чаддаг, тэгвэл хиймэл оюуны суралцах чадвар нь үүнтэй ижил зарчмаар явагддаг. Тийм ч учраас мэдээллийн сан бол үүний хувьд тун чухал зүйл нь. Мэдээлэл нь хиймэл оюунд хоёр чухал үр дүн өгдөг – жишээ болон нэмэлт. Фэйсбүүк хуудасны мэдээллийг жишээ болгоод үзье. Хэрэглэгчийн булан бол мэдээлэл, харин хэрэглэгч уг хуудсаа хэрхэн хөтөлж байгаа нь нэмэлт юм. Тийм ч учраас цахим хэрэглээнд суурилсан хиймэл оюун уг өгөгдлүүдийг ашиглаж танд хэрэг болохуйц зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм.
- Хүний оюун ухаан үндэс нь болдог
Ямар ч төрлийн мэдээллийг техникийн суралцах чадамжид тохируулан хөрвүүлэх боломжтой. Харин хиймэл оюун уг мэдээллүүдийг өөртөө хүлээж авснаар мэдээллийн сантай болно. Мэдээллийг хүлээж авсан даруйдаа уг мэдээллийг хэрхэхээ шийддэг. Уг шийдэл нь яг л хүний оюун санаатай ижил зарчмаар явагддаг бөгөөд ихэвчлэн харьцуулж үздэг байна. Жишээ нь бид дэлгүүрт орж гоо сайхны бараа сонгох бол өнгө үзэмж, чанар, үнэ гэх мэт зүйлсийг нь бусад бараатай харьцуулж сайн гэснээ сонгодог. Ийм үйлдлийн дараа хиймэл оюун өөрийн мэдээллүүдээ тохирох сэдвээр нь ангилж хадгалдаг. Хэдийгээр хиймэл оюун хүний бодож санах, харьцуулах чадвартай хэдий ч одоогийн байдлаар хүний ижил ухамсартайгаар, үр дүнтэйгээр уг мэдээллийг ашиглах чадвар хүний хэмжээнд арайхан хүрээгүй байгаа билээ. Гэсэн ч мэдээллийн судалгааны эрдэмтдийн бага зэргийн хичээл зүтгэлийн үр дүнд тун удалгүй тэр хэмжээнд хүрнэ гэж үзэж байна.
- Алгоритм
Бид бүхэн анх хүнтэй танилцаад анхны сэтгэл хэрхэн төрснөөс хамаарч уг хүнтэй уулзсан эхний хэдэн минутын дараа тэр хүн таалагдсан эсвэл үгүй гэдгийг хэлж чаддаг. Бид бүхний дотор энэ бүхнийг тооцоолох загварчлал гэж байдаг. Анхны сэтгэгдэл сайн эсвэл муу байх нь хувь хүнээс хамаарч хэдэн ч шалгуураар шалгагдаж болдог. Царай төрх,дууны өнгө, биеэ авч яваа байдал, эелдэг эсвэл ууртай гэх мэт маш олон асуудлыг бид өөрсдийн ухамсаргүй тооцоолол хийж байдаг. Хиймэл оюун ч үүнтэй нэг ижил системээр ажилладаг бөгөөд тэр нь гагцхүү бидний бүтээсэн алгоритм дээр үндэслэдэг.
Бид шинэ хүнтэй танилцах бүрд толгойдоо тэдний тухай зураглалыг үүсгэж эхэлдэг. Бид уг загварчлалыг олон төрлийн мэдээллээс цуглуулж авдаг бөгөөд загварчлал дуусах үед эцсийн үр дүн нь гардаг. Ялгаатай мэдээлэл бүр өөр өөр үр дүн өгдөг. Бидний тархины уг үйлдэл одоогоор ч бидэнд ойлгомжтой биш. Тийм ч учраас хиймэл оюуны хувьд уг алгоритмыг бүтэн болгоход одоогийн байдлаар хүндрэлтэй байдаг. Хиймэл оюун зөвхөн бидний одоогоор тархины үйл ажиллагааны тухай мэдэж байгаа мэдээллийн хэмжээнд л хөгжчихөөд байна. Энэ нь хүлээж авсан мэдээллүүддээ математик дүн шинжилгээ хийж үр дүнг нь тооцоолж гаргаснаар сайн эсвэл муу гэдэг сонголтыг хийдэг. Хэрэв бид тархины ажиллах зарчмыг олж мэдэх юм бол энэ бүхний шийдэл олдоно гэсэн үг.
Тийм ч учраас бид хүн шиг сэтгэдэг робот бүтээхийн оронд бидний тархи ямар зарчмаар ажилладаг гэдгийг судалсан нь уг зорилгод хүрч болох илүү дөт зам мэт санагдаж байна.
Эх сурвалж: The Conversation