Далайн гүнд 135 сая ам.долларын өртгөөр судалгааны станц байгуулна
Францын алдарт аялагч, далай судлаач Жак-Ив Кустогийн (Jacques-Yves Cousteau) ач хүү Фабьян Кусто гэр бүлийнхээ замналыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Тэрээр төрөлхийн далайн аялалд дуртай байсан бөгөөд өвөөгөөрөө гүний шумбалтыг заалгаж байжээ. Түүний хувьд гүний шумбалт бол дэлхий дээрх хамгийн сайхан зүйл. Ганц сул тал нь тэнд байх хугацаа хэрэгслээсээ болоод хязгаартай байдаг гэжээ.
Тийм ч учраас тэрээр судлаачдад далайн гүнд байрлаж, ажиллаж, илүү ихийг нээн илрүүлэхэд туслахын тулд усан дор байрлах станц байгуулахыг хүсчээ. Түүний өвөө 1960 онд анх уг төслийг санаачилж байсан бөгөөд тэрээр өнөөдөр түүний үйл хэргийг үргэлжлүүлж явна.
Уг төслийг "Proteus" гэж нэрлэж байгаа бөгөөд бүх цаг үеийн хамгийн том усан доорх байгууламж болно гэжээ. Төслийг дуусгах хүртэл 3 жилийн хугацаа хэрэгтэй бөгөөд Карибийн тэнгисийн Курасао эрэгт ойролцоо 20 метрийн гүнд байгуулахаар болсон байна. Уг судалгааны төвд 12 хүн багтах боломжтой бөгөөд одоогийн байдлаар хэдэн долоо хоногийн турш амьдрах боломжтой байдлаар төлөвлөсөн аж.
Гурван жилийн хугацаанд уг станцыг барьж дуусах хүртэл ойролцоогоор 135 сая ам.доллар хэрэгтэй бөгөөд Фабьян өөрөө уг хөрөнгийг босгохыг оролдож байгаа юм. Уг төслийн нэр болох "Proteus" нь Грекийн домогт гардаг тэнгисийн бурхан бөгөөд мэдлэг оюуныг хамгаалагч, өөрийн хэлбэр дүрсийг өөрчилдөг гэдгээрээ алдартай юм.
Оюун санаанд хязгаар үгүйн адил Фабьян ч бас үүнээс илүү ихийг мөрөөдөж яваа гэнэ. Тэрээр уг төсөл амжилттай болсны дараа 20 метрээс ч илүү гүнд, илүү том төв барихыг мөрөөддөг гэнэ.
Эх сурвалж: Forbes