Хятадын тэрбумтнуудыг АНУ-д зорчихыг хориглоно
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Коммунист намын бүх гишүүн болон тэдний гэр бүлийнхнийг АНУ-д зорчихыг хориглох талаар хэлэлцэж буйг CNN мэдээллээ. Энэ нь Хятадын 90 сая гаруй иргэнд хамаатай шийдвэр юм. Учир нь Коммунист намд Хятадын томоохон корпорацийн олон гишүүн багтдаг. Жишээлбэл, “Alibaba” группийн үүсгэн байгуулагч Жек Ма, дэлхийн хамгийн том кино театруудыг нэгтгэсэн “Dalian Wanda” группийн үүсгэн байгуулагч Ван Жианлин, цахилгаан машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “BYD” компанийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу нар Коммунист намын гишүүн юм. Хэрэв энэ хориг батлагдвал дээр нэр дурдсан томоохон компаниуд асуудалд орно.
“Alibaba”, “Baidu” гэсэн компани АНУ-ын зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг. Мөн тэд бизнесийн хэлэлцээр хийхээр АНУ руу аялах боломжгүй болох юм.
Хятадын 30 сая гаруй хувийн компанийн 8000 орчим удирдагчийн тал хувиас илүү нь Коммунист намын гишүүн гэдэг судалгааг Засгийн газар нь өнгөрсөн жил гаргажээ. Хөрөнгөөрөө тэргүүлэгч баячууд яагаад намын гишүүн байдаг талаар Хонгконг дахь Хятадын их сургуулийн хятад судлалын төвийн туслах профессор Вилли Лам “Хятадын баян, хүчирхэг хүмүүс бүгд намын гишүүн байдаг. Учир нь хүмүүс хөрөнгө мөнгө, хүч нөлөөгөө нэмэгдүүлэх гэж намд элсдэг” гэжээ.
Энэ мэдээллийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Хуа Чуньин “Хэрэв АНУ-ын аялал жуулчлалын энэ хориг батлагдвал 1.4 тэрбум хятад хүний эсрэг хийж буй ичгүүргүй үйлдэл болно” гэж мэдэгдлээ. Ийн АНУ, Хятад хоёр улсын харилцаа улам хурцдаж байна.
Эх сурвалж: CNN
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй