Хиймэл оюун хүний бүтээлч байдалтай дүйцэх үү?
Саяхан Европын Холбооны Зохиогчдын Эрхийн газар нэгэн хоол хадгалах савны эрхийг олгохоос татгалзжээ. Уг сав нь давхацсан, ашиггүй эсвэл бусад шалтгаанаар хасагдаагүй бөгөөд татгалзах болсон гол шалтгаан нь уг бүтээлийн зохиогч нь хиймэл оюун байсан юм. Гэсэн ч уг бүтээл нь хиймэл оюуны бүтээсэн анхны нээлт биш бөгөөд өмнө нь аль хэдийн ном, шинжлэх ухааны бүтээл, шинэ материал, хөгжим зэргийг зохиогоод байсан билээ.
Бид бүхэн өмнө нь бүтээлч байдал, уран сэтгэмж зэргийг зөвхөн хүнд байдаг зан чанар гэж итгэж байсан. Хэрэв энэ бүхэн бидэнд байгаагүйсэн бол уран зохиол, яруу найраг, интернет, сансрын аялал гээд л ихэнх зүйлс оршин тогтнохгүй байсан. Тэгвэл хурдацтай хөгжиж буй хиймэл оюун урам сэтгэмж, бүтээлч зан чанартай байхаас гадна биднийг даван гарч байгаа юу?
Онолын хувьд үзэхэд хувийн үзэл, бүтээлч чанар, инноваци зэрэг нь судалгаа хийж үүнийгээ нэгтгэх аргачлал юм. Бид нэг талын хэрэгцээт мэдээллийг олж өөр нэгэн төрлийн мэдээлэлтэй холбож байгаа мэдлэг аргачлалыг л ингэж нэрлээд байгаа билээ. Харин зарчмын хувьд уг байдлыг машин буюу бидний бүтээсэн хиймэл оюун хийх боломжтой гэсэн үг.
Хиймэл оюун ерөнхий нөхцөлөөр л инноваци үүсгэж байгаа. Гэхдээ энэ нь уг чанартаа яг хэрхэн ажилладаг вэ? Үүнийг хүний зураг бүтээх зориулалт бүхий хиймэл оюуныг жишээ болгон тайлбарлая. Үүнд ерөнхий зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хоёр дэд зорилго үүсгэнэ. Эхний зорилго бол зургийг тодорхой бус нягтшил дээр бүтээх бөгөөд уг бүтээлийн суурийг хийнэ. Харин хоёр дахь хэсэг бол уг бүтээлийг бодит зурагтай хэр ижил болж байгааг шалгаж засварлана.
Харин уг хиймэл оюунд зураг бүтээх чадамжийг өгөхийн тулд өмнө нь маш олон хүний дүр төрхийг мэдээлэл байдлаар өгөх бөгөөд хиймэл оюун үүнийг тооцоолж өөрийн гэсэн шинэ, хүний дүр төрхийг бүтээж байгаа хэрэг юм. Уг хоёр дэд зорилгыг гүйцэлдүүлэх алгоритмууд ээлжлэх дарааллаар ажилладаг бөгөөд бүтээсэн зургийг хангалттай ижил биш байна гэх команд өгөх үед шаардлагатай хэсгүүдийг дахин бүтээж, дахин хянах замаар зураг хангалттай үнэлгээ авах хүртэл үргэлжилдэг байна. Эцсийн бүтээл нь хүнтэй дэндүү адилхан болсон байна.
Хиймэл оюуны үүсгэсэн хүний төрх. Уг хүн нь бодит амьдрал дээр байдаггүй бөгөөд өгөгдсөн зургуудийг ашиглаж үүсгэсэн бодит мэт зураг юм
Үүнээс үзэхэд нэгийг бодогдуулах зүйл нь хиймэл оюун мэдээллийн тусламжтай инноваци хийж чадаж байгаа юм бол удахгүй биднээс ч давсан чадавхтай болох болов уу?
Хүн болон хиймэл оюуны инновацийн гол ялгаа байгаа ганц зүйл нь одоогийн байдлаар бидний хэрэглэж байгаа хэрэглэгдэхүүн юм. Хүн санаагаа бүтээл болгохын тулд зурах, тэмдэглэх зэргээр биет зүйлсийг болон бусад зүйлсийг ч ашигладаг бол хиймэл оюун одоогийн байдлаар зөвхөн бидний тэдэнд өгсөн мэдээллийн хүрээнд л хязгаарлагдаж байгаа юм.
Мөн нөгөө талаар бүтээлч чанарын үр дүн болох гол шалгуур нь хэрэгцээт байдал юм. Хүний бүтээсэн бүтээлүүд бидэнд хэрэгтэй, хэрэглэх шаардлагатай зүйлс байдаг бол хиймэл оюун шинээр бүтээл үүсгэх чадвартай хэдий ч уг бүтээл нь бидэнд хэрэгцээтэй байх эсэх нь эргэлзээтэй юм.
Эцэст нь одоогийн байдлаар хүний бүтээлч чадвар болон инноваци хийх зэрэг нь хиймэл оюунтай харьцуулшгүй байгаа хэдий ч бидний бүтээсэн хиймэл оюун үүнийг хэдхэн жилийн хугацаанд бас зөвхөн бидний өгсөн мэдээллийн дагуу л хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв хиймэл оюун бидэнтэй ижил мянга мянган жилийн турш хөгжвөл ижилхэн чадвартай болох болов уу?
Эх сурвалж: theconversation.com
Манай сайт "ИННОВАЦИ" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй