БНХАУ Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 1 тэрбум ам.долларын зээл олгоно гэжээ
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн лхагва гарагт Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын төлөөлөгчидтэй хийсэн цахим уулзалтын үеэр дээрх улс орнуудад КОВИД-19 өвчний эсрэг вакцин худалдан авахад нь зориулж 1 тэрбум ам.долларын зээлийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марчело Эбрард, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нарын удирдсан тус цахим хуралд Аргентин, Барбадос, Чили, Колумб, Коста-Рика, Куб, Доминикан, Эквадор, Панама, Перу, Тринидад ба Тобаго, Уругвайн зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцсон аж. Уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Хятадад үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцин нь дэлхий нийтэд хүртээмжтэй байх ба Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутгийн улс орнуудад уг вакциныг авахад нь зориулж БНХАУ-ын зүгээс 1 тэрбум ам.долларын зээлийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Мексикийн Ерөнхийлөгч Андрэ Мануэль Лопез Обрадор БНХАУ-д талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр, "Бид Хятад улс, Хятадын засгийн газар, Хятадын Ерөнхийлөгчид маш их талархаж байна. Надад Хятадын Ерөнхийлөгчтэй утсаар ярих боломж олдсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Би түүнээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр туслахыг хүсэж байсан, түүнээс хойш Хятадаас эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгсэл ачсан олон тооны онгоц манай улсад газардсан билээ." хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй