АНУ Хьюстон дахь Хятадын консулын газрыг 72 цагийн дотор хаахыг шаарджээ
Америкийн эрх баригчид АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах БНХАУ-ын консулын газрыг 72 цагийн дотор хаахыг шаарджээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр Хятадын хоёр иргэн БНХАУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр коронавирусын эсрэг вакцин гаргаж байгаа лабораториудын компьютерийн серверүүдэд нэвтэрч, вакцины талаарх мэдээллийг хулгайлах гэж оролджээ.
Бээжингийн зүгээс АНУ улс төрийн өдөөн хатгалт хийж байна хэмээн буруутгаж, Хьюстон дахь консулын газрыг хаах шаардлага нь ямар ч үндэслэлгүй гэжээ. Харин Америкийн Төрийн департаментаас Хятадын консулын газрыг хаах нь "Америкийн оюуны өмчийг хамгаалах" үүднээс гаргасан шийдвэр гэдгийг онцолжээ. Үүний хариуд Бээжин Ухань дахь АНУ-ын элчин сайдын яамыг хаах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Коронавирусын цар тахал эхлэх үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусыг "Хятадын вирус" хэмээн нэрлэж байсан билээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Америкийн төрийн тэргүүн АНУ коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртсөний хариуцлагыг БНХАУ-д үүрүүлэхээр оролдож байгаа аж.
Нөгөөтэйгүүр Хятадын Коммунист засаг цар тахлын үеэр Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээрээ Хонгконгийн тусгай захиргааны бүс нутагт үйлчилдэг "нэг улс хоёр тогтолцоо" зарчмыг нэг ёсондоо халж, Шиньжаан дахь шашны цөөнхүүдэд зориулсан хорих лагериудаа нэмсэнээр олон улсын зүгээс Бээжинг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн буруутгахад хүргээд байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео барууны улс орнуудтай нэгдэн Хятадын эсрэг эвсэл байгуулах хүсэлтэй гэдгээ ч ил тод зарлаад байна.
Тэрээр Лондонд хийсэн айлчлалынхаа үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд хандан Huawei компанийн 5G төхөөрөмжнүүдээс татгалзахыг ятгаж, Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг гар утаснууд, программ хангамжийн төхөөрөмжүүд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулдаг хэмээн буруутгасан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлээд буй Доналд Трамп иргэдтэй хийх уулзалтуудынхаа үеэр БНХАУ-ыг шүүмжлэх явдал ч нэмэгдсэн аж. Тэрээр ойрын хугацаанд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй