Дэлхий дээрх хамгийн боловсронгуй хоморголон устгалт Шинжаан Уйгарт болж байна
Сүүлийн хэдэн сарын хугацаанд болсон 2 үйл явдал дэлхий нийтийг Шинжааны Уйгарууд ямар нөхцөл байдалд байгаа болохыг харууллаа. Нэг нь Уйгар эмэгтэйчүүдийг системтэйгээр үргүй болгож буйг илчилсэн билээ. Нөгөөх нь хорих лагерьт хоригдож байсан Уйгаруудаас хүчээр авсан 13 тонн үсээр хийсэн бүтээгдэхүүнийг АНУ-ын гааль, хил хамгаалалт хураан авсан явдал юм. Энэ бүгдээс харвал Нацистууд еврейчүүдийг хоморголон усгтаж байсантай адил түүх давтагдаж буй нь ил болно.
Шинжааны хүн амын дунд эзлэх тоогоороо хятад, уйгар, казахууд эхний гуравт орно. Уйгарууд хүн амын 45 хувийг, хятадууд 40 хувийг, казахууд зургаан хувийг эзлэх ба үлдсэн есөн хувийг бусад үндэстнүүд эзэлдэг аж. Тэд нь дунган, Монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн болно. Нийслэл нь Өрөмчи хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладакх муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн автономит нутаг, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ.
Шинжаан Уйгур нь 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км.кв ба Шинжаан-Уйгурт 21 сая гаруй хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт байдаг.
Хятад улс олон улсын геноцидын эсрэг гэрээнд гарын үсэн зурсан орон билээ. Тус гэрээнд ямарваа нэг үндэстний цөөнхийг устгах бодлого явуулах, бие махбодийн болон сэтгэцийн ноцтой хохирол учруулах, тухайн цөөнхийг бие махбодын доройтолд хүргэх бодлого явуулах, тухайн цөөнхийн хүүхдүүдийг хүчээр өөр бүлэгт шилжүүлэх зэргийг хориглосон заалтууд тусгагджээ. Харин Хятадын эрх баригч нар Уйгар үндэстнийг устгах зорилготойгоор дээрх бүх заалтуудыг тогтмол зөрчиж байгаа нь хэдийнээ ил болоод байгаа.
Нэлээн хэдэн жилийн өмнөөс л олон улсын мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын цөлд учир битүүлэг, асар том байгууламжууд "Google Earth", сансраас авсан зургуудад илэрсэн тухай уралдан мэдээлж байв. Ямар нэгэн цэргийн байгууламж, цөмийн зэвсгийн туршилтын талбай гээд олон янзаар л таамаглаж байсан ч өнөөг хүртэл бодитой хариулт олдоогүй хэвээр. Тэгвэл саяхнаас Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэрт мөн л учир битүүлэг байгууламжууд баригдаж байгаа тухай мэдээлж байна. Алдарт Такламаханы элсэн цөлөөс pooy хойш, Шинжаан Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хот болон Турфаны дунд орших Дабанчен хэмээх газрыг энд онцолж болно.
BBC агентлаг Дабанченд аварга том талбайтай, хорих лагерьтай ихээхэн төс бүхий, том хана хэрмээр хүрээлэгдсэн, хоёр км тутамд нэг буюу нийт 16 харуулын цамхаг маягийн барилгатай байгууламж баригдсаныг мэдээлсэн. Хэдэн жилийн өмнөөс баригдаж, сансраас авсан зураг дээр өөрчлөгдөж ирсэн энэ байгууламж баригдаж дууссан бололтой сүүлийн үед өөрчлөгдөхөө больсон аж. Үүнийг BBC-ийн сэтгүүлчид Шинжаан Уйгарын уйгур иргэдэд дахин боловсрол олгох томоохон лагерь хэмээн үзэж байгаа гэнэ. Ер нь сайн ажиглавал иймэрхүү хорих лагерьтай төс бүхий учир битүүлэг байгууламжууд, томоохон хөл бөмбөгийн талбайд барьж байгуулсан байгууламжууд Шинжаанд их гэнэ.
Учир нь барууны хэвлэлүүд Хятадын Шинжаанд уйгар үндэстнүүдийг бөөнөөр хорин цагдаж байгаа тухай мэдээлж байгаа. Тодруулбал арван сая гаруй уйгур үндэстний барагцаалбал нэг сая орчмыг нь хорьж цагдаж байгаа гэсэн мэдээлэл газар ихэд авч байгаа бөгөөд энэ мэдээлэлд эмзэглэсэн Азийн хамгийн их мусульман шашинт хүн ам бүхий Индонези улс Хятадын Засгийн газрыг хурцаар шүүмжилсэн мэдэгдлийг өнгөрсөн онд хийж байсан бол саяхан Туркийн засгийн газар ч үүнийг давтсан. Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдэгдэлдээ “Нэг сая гаруй түрэг гаралтай уйгар хүмүүсийг шоронд хорьж, тарчилгаж, улс төрийн тархи угаалт хийж байгаа нь нэгэнт нууц биш болжээ” гээд Хятадын Засгийн газрын уйгаруудтай харилцахдаа баримталж буй харгис бодлогыг шүүмжилсэн байна. Мэдэгдэлд бас уйгар үндэстний алдартай яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйитийн араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ.
“Нэг дууныхаа төлөө найман жил хоригдох ял авсан алдарт яруу найрагч Абдурэхим Хэйит хоёр дахь жил дээрээ шоронд нас барсныг сонсоод бид ихэд эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэлд бичсэн байна. Хэйит шоронгийн хүнд хэцүү нөхцлийг даалгүй 55 насандаа бие барсныг өмнөх өдөр нь Туркийн Ени Сафак сонин мэдээлжээ.
2017 онд Шинжааны орон нутгийн удирдамжийн дагуу харгис хэрцгий "Төрөлтийн зөрчлийг хянах тусгай аян" -ыг явуулав. 2019 он гэхэд засгийн газар Шинжааны өмнөд хэсгийн хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн 80 гаруй хувьд нь үргүй болгох мэс засал буюу "ариутгал" хийлгэхээр төлөвлөжээ. Зорилго нь "жирэмсний хяналтын зөрчлийн тэг тохиолдол"-д хүрэх явдал юм. Засгийн газрын баримт бичгүүдэд 2019, 2020 онд хэдэн зуун мянган "ариутгал" хийх зорилгоор улсын санхүүжилтээр эмэгтэйчүүдийн "ариутгал"-ын кампанит ажил өрнөснийг илтгэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд гаргасан Уйгар эмэгтэй бүрийг үргүй болгож байгаа бөгөөд зарим тохиолдолд огт хүүхэдгүй эмэгтэйчүүдийг хүртэл үргүй болгосон гэнэ.
Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Шинжааны засгийн газар хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийг агнах зорилгоор "соронзон маягийн" мөрдөн байцаалт явуулж байжээ. Баривчлагдсаны дараа эдгээр эмэгтэйчүүдэд хорих анги руу явах эсвэл үргүй болох эгсэн сонголт үлдэнэ.
Хятадын Засгийн газар Уйгарчуудыг цөөрүүлэх зорилгоо биелүүлж байгааг статистик харуулж байна.
2015-2018 оны хооронд Уйгар иргэдийн хүн амын өсөлт 84 хувиар буурчээ. Үүний эсрэгээр, албан ёсны баримт бичгүүдээс харахад Шинжаанд ариутгал ариутгалын түвшин бүх Хятад даяар огцом нэмэгдэж, эдгээр хөтөлбөрүүдийн санхүүжилт улам бүр нэмэгдсээр байна. 2017-2018 оны хооронд нэг дүүрэгт үргүй буюу бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувь тус тус 124 хувь, 117 хувиар тус тус өссөн байна
Уйгарын эрчүүдийг баривчилж, эмэгтэйчүүд үргүй болгосны дараа засгийн газар нь уйгар үндэстнүүдийг бие махбодийн сүйрэлд хүргэх үндэс суурийг тавьжээ. Эцэг эхгүй болсон дор хаяж хагас сая уйгар хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлаж, төр тэднийг "хүүхдийн асрамжийн газар" -т өсгөж хүмүүжүүлж байна.
Энэхүү геноцидийг үнэхээр онцгой аюултай болгож байгаа зүйл бол түүний технологийн боловсронгуй байдал бөгөөд үүний ачаар тэд мөрөө баллаж дэлхий дахиныг удаан хугацааны турш мэхэлсээр ирсэн билээ. Уйгаруудын хянахын тулд Хятадын эрх баригчид хамгийн дэвшилтэт технологи ашиглан амьдралын бүхий л чиглэлээр - шашин шүтлэг, гэр бүл, соёл, нийгмийн хяналт, хязгаарлалтуудыг тавьж эхлэв. Хяналтыг хөнгөвчлөхийн тулд Шинжааны бүх хяналтыг сүлжээг Бээжингээс зохицуулдаг. Хотууд болон тосгонууд 500 бүст хуваагддаг. Бүс бүр цагдаагийн газартай бөгөөд оршин суугчдыг иргэний үнэмлэх, нүүр царай, ДНХ-ийн дээж, хурууны хээ, гар утсаа тогтмол хуваарилан нягталдаг. Эдгээр аргуудыг нэгдсэн ажиллагааны платформ гэгддэг системээр зохицуулна. Систем нь видео хяналт, ухаалаг гар утас болон бусад хувийн бүртгэлээс хувийн өгөгдлийг цуглуулан цагдан хорих хүмүүсийн жагсаалтыг гаргадаг.
Хятадаас нэг сая гаруй хятад төлөөлөгч нар Уйгарын өрхүүдэд хуваарилагдсан бөгөөд энэ нь 5 өрхийг нэг хүн хянана гэсэн үг юм.
Үй олноор хөнөөж буй явдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх нь тун ярвигтай ажил. Улс орнууд зүгээр нэг ийм хэмжээний мэдэгдэл хийнэ гэдэг боломжгүй зүйл. Нэг ч орон ам зөрөлгүй Шинжаан үргэлжилж буй геноцидийг зогсоохыг шаардахын тулд энэ шийдвэрээс гарах үр дагаврыг тунгаах хэрэгтэй. Энэ нь геноцидээс ашиг олж буй 80 гаруй олон улс их хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Цаашилбал, энэхүү шийдвэрийн нөлөөгөөр Хятад дахь орчин үеийн боолчлолоос ашиг олж буй томоохон компаниуд одоо байгаа тун өгөөжтэй аргачиллаа өөрчлөх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд бид бүгдээрээ дуу нэгтгэхгүйгээр энэ зүйлийг зогсооно гэж байхгүй гэсэн үг
Эх сурвалж: foreignpolicy.com
Манай сайт "ГЕОПОЛИТИК" -н салбарт хийгдэж буй шинэ содон бүтээл үйл явдлуудыг цаг алдалгүй хүргэж байхаар болсон тул та бүхэн энэ салбарын мэдээллийг ЭНД дарж үзээрэй