Таны цахилгаан машиныг зогсоолд зогсож байхад цэнэглэх маш нимгэн нарны зай хураагуур
Франц улсын Gazelle Tech гэх компани гэрэл зургийн хальстай ижил зузаантай нарны зай хураагуур бүтээсэн бөгөөд үүнийгээ өнгөрөгч 4-р сард Парис хотод болсон машины үзэсгэлэнд оролцуулсан байна.
Уг бүтээл нь органик полимер материалаар хийгдсэн бөгөөд эвхэж болох, уян хатан хальсаар хийгдсэн нарны зай хураагуур юм. Энэ нь уламжлалт нарны зай хураагуураас хүчин чадал, чадавхын хувьд ч илүү ажээ. Тэдний бүтээсэн бүтээл нь машинд байрлуулах бүтээлэг загвартай байгаа бөгөөд тусгай зам дагуу автоматаар эвхэгдэж, машины бүхээг дагуу дэлгэгдэх ажээ. Ингэснээр та машины зогсоолд, нарны шууд тусгалд тавьж орхивол уг хураагуур нь таны цахилгаан машиныг цэнэглэж эхэлнэ гэнэ.
Уг бүтээл нь 1 метр.кв тутам нь 450 грамм жинтэй бөгөөд ердийн цааснаас бага зэрэг хүнд ажээ.
Одоогийн байдлаар уг бүтээл нь 8 цаг наранд зогссоны дараагаар таны машины баттерэйгээр туулах чадварыг 20 орчим км-ээр нэмэгдүүлэх чадавхтай байгаа бөгөөд уг компани бүтээгдэхүүнээ ойрын 3 жилийн дотор 50 км болгож сайжруулахаар ажиллаж байна.
Уг компанийн маркетинг болон хөгжүүлэлтийн албаны дарга Мойра Ассес: Бид цаашдаа машинуудыг цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, нарны эрчим хүчээр ашиглах боломжтой болгохыг зорьж ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг жилийн хугацаанд таны цэнэг зарцуулалтыг 8000км-р уртасгах боломжтой байгаа бол, 2023 он гэхэд 11,000 км болгохоор ажиллаж байна гэжээ.
Нарны тусгал ихтэй, жилийн ихэнх улиралд нартай байдаг газруудад энэ бүтээл тун ч ашигтай нээлт болох нь дээ.
Эх сурвалж: Forbes