Хамгийн гайхамшигтай сансрын аялал: "Voyager"
"Voyager" нь дэлхийгээс хамгийн хол ажиллахаар бүтээгдсэн сансрын хөлөг бөгөөд 43 жилийн өмнө буюу тодруулбал, 1977 оны есдүгээр сарын 5-ны өдөр хөөргөж байсан түүхтэй. НАСА-гийн зүгээс сансрын судалгааны “Voyager” хөтөлбөрийг нарны аймгийн системийг гүйцэд судлахын сацуу сансар огторгуй дахь хүн төрөлхтний таньж мэдээгүй шинэ нээлтүүдийг хийх зорилгоор эхлүүлж байсан юм.
Одоо хүртэл бүрэн ажиллагаатай байгаа “Voyager” хөлөг өнөөдөр дэлхийгээс 21 тэрбум км зайд 17 км/сек хурдтай аялж яваа юм. "Voyager" сансрын хөлөг 16 цаг болоод бааз руугаа мэдээлэл дамжуулах чадалтай. "Voyager" хөлөг нь НАСА-гийн сансар судлалын ажилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хөлөгт тооцогддог. Уг сансрын хөлөг нь манай дэлхийгээс улам алслан холдсоор байгаа бөгөөд 2012 онд манай нарны аймгаас гарч явсан гэж үздэг. Гэхдээ үнэхээр гарч явсан эсэх нь өнөөдрийг хүртэл маргаантай байдаг байна. "Voyager" хөлөг нь огторгуйн хумхын тоосны урсгалаас хамгаалагдсан давхаргатай учир элэгдэхгүй хэмээн үздэг байна.
"Voyager" төслийн эрдэмтэн Эдвард Стөүн аялалд гарснаасаа хойш 40 жил ажилласан хөлгийн шинжилгээ, хайгуулын үр дүнгийн талаар "Бид нарны аймгаас гадна хэр хол судалгаа шинжилгээ хийхээ мэдэхгүй байна” хэмээн хариулж байжээ. Уг хөлгийн гол зорилго нь Бархасбадь, Санчир, Далай ван зэрэг гаригийг судлах зорилгоор анх хөөргөж, зорилгоо 1989 онд биелүүлсэн юм. 2013 онд "Voyager" хөлөг сансар огторгуйн дуу чимээг дамжуулсан нь шинжлэх ухааны онцлох үйл явдал болж байв.
Өнгөрөгч 2017 онд АНУ-ын Сансар судлалын агентлаг “Voyager” сансрын судалгааны хөлгийг хөөргөсний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тус байгууллагын зүгээс хүн төрөлхтний сансар судлалын анхдагч томоохон алхамд тооцогддог “Voyager” судалгааны хөлгийг хүн төрөлхтний түүхэн дэх сансар огторгуйд хамгийн хол замыг туулж, удаан хугацаанд аялж байгаа сансрын судалгааны хөлгүүдээр нэрлэсэн юм.
Гэвч 40 жил хөдөлгүүр нь идэвхтэй ажилласны дараа эрч нь буурч, ажиллагаа нь муудсан байна. Иймээс НАСА-гаас нөөц хөдөлгүүрийг туршилтаар ажиллуулж үзсэн бөгөөд хэвийн ажиллаж байжээ. Тиймээс туршилтын үр дүнд уг хөлгийн нөөц хөдөлгүүрийг энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан юм.
"Voyager" хөлгийн нэг чухал зорилго бол хэрвээ хүн төрөлхтнөөс өөр оюун ухаант амьд биеттэй, магадгүй харь гаригийнхантай таарвал хүн төрөлхтний бүтээсэн дуу, зураг гэх мэт урлаг соёлын гайхамшигтай бүтээлүүдийг танилцуулах зорилготой. Тиймдээ ч уг хөлөг дуу болон дүрс бичлэг бүхий алтан пянзуудыг авч яваа. Сүүлд ирсэн мэдээллээр одоо тэр Дэлхийн вангаас нар хүртлэх зайг гурваар үржүүлсэнтэй тэнцэх зам туулсан байна.
“Voyager” сансрын хөлгөөс хойш амжилттай хөөргөсөн Кеплер дуран авайн ачаар бид сансрын оддын талаарх олон сонирхолтой баримт олж авч чадсан. Түүнээс хойш дэлхийн алдартай тэрбумтан Элон Маскийн SpaceX төслийн ТЕСС хэмээх дуран авайг хэдхэн хоногийн өмнө амжилттай сансарт хөөргөсөн юм. Уг дуран авай нь бидний өмнө нь харж байгаагүй гариг эрхсийг ойрын однуудаас хайж, магадгүй харийн амьдрал ч илрүүлж болох өндөр магадлалтай гэж үзээд буй. Уг дуран авай нь одны наагуур дамжин өнгөрсөн гаригийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлж, гаригийн хэмжээ, хурд зэргийг тодорхойлох аж.
Эх сурвалж: BBC