АНУ Хятадын эсрэг эвсэл байгуулна гэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Хятадын эсрэг эвсэл байгуулна" гэж мэдэгджээ.
Тэрээр мягмар гарагт Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Раабтай хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр БНХАУ-ыг олон улсын хэв журмыг тогтмол зөрчиж байна гэж буруутгаад “Бид энэхүү аюулыг хүлээн авч, хамтын хүчин чармайлтаар энэ мэт авир нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй гэдэгт Хятадын Коммунист намын итгүүлэх эвслийг байгуулж болох юм” гэжээ.
Тэрээр БНХАУ олон улсад тогтсон дэг журмыг зөрчиж байгаагийн жишээ болгож Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал, Хятад ба Энэтхэгийн хилийн ээдрээ, дэлхий даяар корона вирусийг тархахад гүйцэтгэсэн үүрэг зэргийг заасан байна. Улмаар Помпео нь “Ардчилал ба эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодог улс бүр Хятадын Коммунист намаас гарч буй аюул заналхийллийг ухамсарлаж байгаасай гэж бид хүсэж байна” гэжээ.
Ингээд зогссонгүй Майк Помпео нь БНХАУ-ыг төрийн мэдлийн компаниудаа ашиглан Америкийн оюуны өмчийг хулгайлах оролдлого хийж байна гэж буруутгасан байна. Тэрээр Их Британийн Засгийн газрыг тав дах үеийн холбооны дэд бүтцийг нэвтрүүлэхдээ Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахаар шийдвэр гаргасанд баяр хүргээд, энэ шийдвэрийг гаргахад АНУ ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг онцолжээ.
Харин зарим шинжээчдийн үзэж байгаагаар Их Британийн Засгийн газар нь АНУ-ын маш хүчтэй дарамт, шахалтад орсон тул 5G холбоог нэвтрүүлэхдээ Хятадын компаниудаас татгалзахаас өөр аргагүй болсон. Ингэснээр шинэ систем нэвтрэх хугацаа 2-3 жилээр хойшилж, 2,5 тэрбум долларын нэмэлт зардал гаргах шаардлагатай болно.
Эх сурвалж: freenews.live