Технологийн инновациудыг танилцуулах үзэсгэлэн жил бүр явагддаг билээ. Харин энэ жил CES2020 АНУ-н Лас-Вегас хотод нэгдүгээр сард явагдаж өнгөрсөн билээ. Тус үзэсгэлэнд маш олон хүний сонирхлыг татсан бүтээлүүд, боломжууд байсан бөгөөд эдгээрээс хамгийн амжилттай яваа 5 бүтээгдэхүүнийг доор танилцуулъя.
- Зайнаас эрүүл мэндийн байдал хэмжигч
Ихэнх эрүүл мэндийн байдал хэмжигчид өнөөдрийг хүртэл хурдацтай хөгжиж ирсэн. Гэхдээ ихэнх нь зүрхний төхөөрөмжтэй адилаар судасны цохилт, биеийн дулаан зэрэгт үндэслэн биед ойр байж хэмждэг байсан бол CES2020 –н үеэр нэгэн шинэ бүтээл танилцуулагдсан юм. Энэ нь Массачусетсийн Технологийн Институтийн Ватсон Хиймэл ухааны лабораторийн бүтээсэн Cocoon Health нь илүү дэвшилтэт төхөөрөмж байсан юм. Энэ нь бага эрчим хүчээр ажиллах бөгөөд хүний эрүүл мэндийн байдлыг заавал биед зүүхгүйгээр зайнаас ажиглаж тооцоолол хийх чадвартай мөн хэмжээ багатайгаараа давуу талтай юм. Эдгээр нь компьютер тухайн хүнийг тогтмол камерын тусламжтай хянаж байх бөгөөд амьсгалын хэмжээ, биеийн дулаан, хөдөлгөөн зэрэг олон хэмжээст бичлэгийг хийж хиймэл оюун тухайн тооцооллоо боловсруулж, холбогдох программд мэдээллийг дамжуулж байх үүрэгтэй ажээ.
- Зүүж болдог AR
AR – Augmented Reality буюу бодит ертөнцөд компьютерийн дүрсийг бодит мэт харагдуулах технологи 2020 оны хамгийн шилдэг нээлтүүдийн нэгээр нэрлэгдсэн. CES2020 Дээр танилцуулагдсан уг бүтээл нь Norm Glasses буюу Норм нэрт нүдний шил юм. Уг шил нь идэвхигүй байх үедээ ердийн шил мэт бөгөөд дуу хоолойгоор идэвхэждэг ажээ. Шилийг идэвхжүүлсний дараа уг шил нь дуу сонсох, дуу солих, зурвас илгээх, утсаар дуудлага хийх зэрэг боломжтойгоос гадна өөр дээрээ жижиг хэмжээтэй хоёр чанга яригчтай ажээ. Энэ байдлаараа бид тун удалгүй гар утсаа барих шаардлагагүй жолоо барьж явах үедээ газрын зураг харж, дүрсээ харж дуудлага хийх зэрэг нь тун удахгүй боломжтой болох нь.
- IOT – Гал тогооны хэрэгсэл
CES2020 үзэсгэлэнгийн хамгийн шилдэг нээлтүүдийн нэг PantryOn компанийн IOT гал тогооны хэрэгсэл юм. Уг бүтээгдэхүүн нь гал тогоонд байрлах бөгөөд хиймэл оюуны тусламжтай хөргөгчид байгаа болон бусад хүнсний нөөцийг тооцоолох зориулалттай юм. Мөн түүнчлэн уг бүтээл нь өөрөө интернетэд холбогдож танд нөөцөлж авах шаардлагатай хүнсний жагсаалтыг гаргаж өгөх бөгөөд интернетээр хайлт хийж хаана хамгийн хямд, чанартай байгааг нь санал болгохоос гадна, орлуулж болох бүтээгдэхүүнүүдийг ч сонгох чадвартай гэнэ. Хоолны дэглэм барьдаг хүмүүст нэн шаардлагатай бүтээл гэхэд хилсдэхгүй юм.
- Таны хувийн орчуулагч
Уг үзэсгэлэнгийн үеэр бас нэгэн бүтээл олны анхаарлыг татсан нь Langogo орчуулагч юм. Уг орчуулагч нь бидний сайн мэдэх Google орчуулгатай төстэй загвартай бөгөөд гол онцлог нь та үргэлж биедээ авч явах боломжтой юм. Нөгөөтээгүүр өөртөө сим картын оролттой бөгөөд та гадаад улсад явсан ч сүлжээ орох боломжтой сим картыг сонгон үйлчлүүлж болох юм. Уг бүтээл нь 100 орчим хэлний сантай бөгөөд маш түргэн хугацаанд орчуулж чаддаг ажээ. Гэсэн ч одоогийн байдлаар зүйр үг, хэлц үг, ёгт утга санаа зэргийг орчуулахад хүндрэлтэй хэвээр байгаа юм. Мөн түүнчлэн уг бүтээл нь өөрөө wi-fi ялгаруулах боломжтой бөгөөд нэг дор 5 төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой ажээ.
- Автономит аж ахуй
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр газар тариалан, аж ахуй эрхлэх боломжит газар улам л хумигдсаар байгаа билээ. Уг үзэсгэлэнд оролцсон Солонгос улсын startup компани болон N.Thing нь бүтээлээрээ 2.2 сая ам долларын санхүүжилт олоод байна. Тэдний төслийг Planty cube гэх бөгөөд гэрт болон тасалгаанд өөрийн фермтэй болох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Уг бүтээл нь таны хүссэн ургамалд тохирох орчин, гэрэл, чийглэг зэргийг бүрдүүлж өгөх бөгөөд халуун орны жимсийг хүйтэн газар ч ургуулах боломж бүрдэж эхэлж байгаа юм.
Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед цаашид өөр ямар нээлтүүд гарахыг харах л үлдлээ.
Эх сурвалж: entrepreneur.com