Коронавирусыг устгах боломжтой өөрийгөө ариутгадаг материал зохион бүтээжээ
Франц улсын Тражет гэх компани өөрийгөө цэвэрлэдэг, толбо болон ул мөр үлддэггүй материал үйлдвэрлэлээр мэргэшсэн компани бөгөөд нэгэн шинэ бүтээл хийж байгаа нь олон нийтийн дунд коронавирусын халдвар тархахаас сэргийлж чадна гэж итгэж байгаа юм.
Тэд аль хэдийн фотокатализ буюу гэрлийн тусламжтайгаар өөрийгөө ариутгаж, халдваргүйжүүлэлт хийх чадвар бүхий материал үйлдвэрлэсэн бөгөөд энэ арга нь вирусийн гаралтай тогтцуудыг бараг 100 хувь цэвэрлэдэг болох нь тогтоогджээ.
Тражет компанийн захирал Жером Бланк: Бид уг материалдаа катализатор дамжуулагчдыг амжилттай нэгтгэж чадсан. Уг зүйл нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр идэвхэждэг гэж мэдэгджээ. Уг дамжуулагчийн үйлчилгээ нь вирусийн гаралтай исэлдсэн нэгдлүүдийг ус, давс гэх зэрэг хор хөнөөлгүй молекул болгон задалдаг байна.
Нарны болон эсвэл хиймэл хэт ягаан туяан тусламжтайгаар уг материал нь маш олон төрлийн бактери болон микробыг ганцхан минутын дотор устгадаг байна.
АНУ болон Испани улсын баталгаажсан лабораториудад хийсэн туршилтын үр дүнд уг материал нь шинэ коронавирусын эсрэг маш үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байна.
Тэд уг бүтээлээ халдвар тархах магадлал нэн өндөр нийтийн тээвэр зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад ашиглахаар төлөвлөж байгаа юм. Мөн түүнчлэн үзвэр үйлчилгээний газруудад үзвэр ашиглаж, үзвэр хооронд тогтмол ариутгаж байх боломжийг ч өгч байгаа юм. Одоогийн байдлаар Лион хотын зарим метронд суурилуулж эхэлсэн байгаа бөгөөд тун удахгүй Францын бусад хотуудад мөн адилхан ашиглаж эхэлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: EuroNews