Жирэмсний үеийн өлсгөлөн юунаас үүсдэг вэ?
Та бүхэн өөрсдөө эсвэл хэн нэгнийг жирэмсэн эхнэр нь шөнийн 3 цагт мөхөөлдөс, даршилсан өргөст хэмх эсвэл шарсан тахиа идмээр байна гэж гэрээсээ гаргасан тохиолдлууд байдаг зэргийг бишгүй л сонссон байх. Бүр зарим нь зөвхөн хулгайлсан мантуун бууз идмээр байсан талаарх ч шог яриа байдаг шүү дээ. Гэхдээ ийм төрлийн өлсгөлөн юунаас үүсдэг юм бол?
Жирэмсний үеийн өлсгөлөн нь ихэвчлэн биологийн гаралтай байдлаар буюу эх болон урагт зайлшгүй шаардлагатай шим тэжээлийг авахаар бие нь шаарддаг учраас гэж ойлгодог. Гэсэн хэдий ч энэ нь үнэхээр гайхмаар заримдаа толгой эргэмээр зүйл билээ.
Тийм ч учраас энэ бүхний талаар багахан ч болтугай ойлголтыг нарийвчилж үзэхээр энэ тухай хийсэн шинжлэх ухааны туршилт, судалгаатай танилцсан юм. Хамгийн сонирхолтой нь эдгээр байдал нь бүх эмэгтэйчүүдэд ижилгүй байдаг бөгөөд ихэвчлэн бүх улс оронд өөр өөр байдаг байна. Жишээ нь АНУ болон Их Британи зэрэг орнуудад эмэгтэйчүүд амттанаар өлсдөг бол Япон улсад ихэвчлэн будаа идэхийг хүсдэг байдал ажиглагджээ.
Гэсэн ч эрдэмтэд уг бүтээгдэхүүнүүд шаардлагатай амин дэм өгдөг эсэхийг судлахад тийм ч шаардлагатай амин дэм өгөхөөр бүтээгдэхүүнүүд байгаагүй бөгөөд эсрэгээрээ жирэмсний үед хэвийн хэмжээнээс илүү таргалуулах магадлалтай хүнс байсан нь тун ч хачирхалтай хэрэг юм. Тийм ч учраас эрдэмтэд уг өлсгөлөнг шаардлагатай шим тэжээлээ хангаж авах биологийн хэрэгцээнээс өөр зүйл гэж үзээд байгаа юм.
Эрдэмтэд жирэмсний өлсгөлөнгийн үедээ шоколад идэхийг хүссэн эмэгтэйчүүдэд сүүтэй, какаотой болон хар шоколаднууд өгсөн бөгөөд үүнээс хамгийн амжилттай байсан нь сүүтэй шоколад байсан юм. Өөр нэгэн судалгаагаар шоколад идэхийг хүсэх нь дааврын асуудалтай холбоогүй болох нь батлагдсан юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар жирэмсний өлсгөлөн нь ихэвчлэн сэтгэл санаа болон соёлын нөлөөнөөс шалтгаалдаг бөгөөд ямар нэгэн тухайн зүйлийг идэх тухай бодол нь бага багаар батжиж, цаашилбал тэвчихийн аргагүй шуналтай ижил болон хувирдаг байна.
Мөн жирэмсэн байх үед анхаарал халамж болон тусламж шаардлагатай байдаг, мөн энэ үед бусдын тусламжгүй байх нь хэцүү байдаг бөгөөд нөхрөөсөө амттан шаардах зэрэг нь уг халамж болон тусламж авах хэрэгцээгээ хангаж байгаа далд ухамсрын шаардлага ч гэж үзээд байгаа юм.
Уг судалгааг хийсэн эрдэмтдийн нэг Нью-Йоркийн Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Жулиа Хормес: Уг мэдрэмж нь тун тааламжтай байдаг болхоор бүсгүйчүүд ихэвчлэн стрессээ дарах гэж ийм оролдлого хийдэг. Гэхдээ энэ нь таргалалт зэргээр ашиггүй үр дүн үзүүлдэг учир ингэж идэхийг зөвлөхгүй байна. Хэрэв үнэхээр өөр аргагүй бол хоёр эсвэл гурван нүд шоколад идэж хорхойгоо дарах хэрэгтэй. Хэдий стресс тайлах ч эрүүл мэндээ бас бодох хэрэгтэй гэсэн байна.
Уг өлсгөлөнг дарах хамгийн үр дүнтэй арга нь амттан идэх бодлоо мартаж, өөр зүйлд өөрийгөө сатааруулах ажээ. Эдгээр сатаарах аргад нь өөр зүйл харах, үзэх зэрэг нүдээр харагдах зүйлсэд сатаарах, эсвэл өөр төрлийн үнэр үнэрлэх гэх мэт олон арга байх бөгөөд мөн бясалгал хийх аргыг хамгийн үр дүнтэй гэж зөвлөж байна.
Чихэрлэг, амттаны төрлийн хүнс нь идэх тусам улам их идэх хүсэл төрүүлдэг бөгөөд зүсэм бялуу идэх гээд, идэж дууссаныхаа дараа дахин нэгийг идэх хүсэл төрдөг учир эдгээр төрлийн хүнснээс татгалзаж, эмчийн зөвлөгөөг дагаж эрүүл хүнс, суши, амин дэм ихтэй ногоо, жимс жимсгэнэ зэргийг идэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: BBC