Хиймэл оюунт дэлгүүрийн тэрэг: дахиж дугаарлаж зогсох хэрэггүй боллоо
Та ажлаа тарах цагаар хөл хөлхсөн дэлгүүрт хүнс, хэрэгтэй зүйлсээ цуглуулж дуусаад, дугаарлаж зогсохоос залхаж байна уу? Тэгвэл дугаарлаж зогсох шаардлагагүй үе мөдхөн ирэх бололтой.
Энэ тал дээр олон судлаачид ажиллаж байгаа бөгөөд дэлгүүрт байх дарааллыг үгүй болгохоор хичээж ажиллаж байгаа юм. Үүний нэг жишээ нь Амазон Гөү дэлгүүрийн зарим салбарууд хиймэл оюуны хяналт бүхий камерууд байрлуулж байгаа бөгөөд эдгээр нь таны авсан барааны үнийг тооцоолж, дэлгүүрээс гарах үед танаас автоматаар төлбөрийг авах байдлаар хөгжүүлж байгаа юм.
Мөн түүнчлэн АНУ-н Сан Франциско хотод байрлах Grabango дэлгүүр үүнтэй ижил аргачлал ашиглаж байгаа бөгөөд, тавиур дээрх камерууд нь таныг аль барааг авч байгааг тооцоолж тухайн барааны төлбөрийг авах ажээ.
Харин бусад хөгжүүлэгчид өөр байдлаар шийдэхийг зорьж байгаа нь ухаалаг дэлгүүрийн тэрэг буюу хиймэл оюунт тэрэг юм. Эдгээр тэрэг нь дотроо мэдрэгч, жин хэмжигч болон камертай бөгөөд таны авсан барааг таньж, мөн жинг нь үзсэнээр үнийн дүнг тооцоолох чадвартай байх юм. Мөн түүнчлэн ухаалаг утас болон, зээлийн карт зэргээр шууд тооцоо хийх боломжтой байх ажээ.
Уг тэрэг нь үйлчлүүлэгч дэлгүүрээс түрж гарах үед худалдан авалт алдаагүй хийгдсэн тохиолдолд ногоон гэрэл гарч мэдэгдэх бол төлбөр болон бусад алдаа гарсан үед улаан гэрэл гарч сануулах зориулалттай ажээ.
Хэдийгээр уг бүтээл нь амжилттай болох магадлал өндөр ч тулгамдаж буй асуудал нь өртөг ажээ. Амазон компани гэхэд л тааз дүүрэн камер болон лангуу бүрд мэдрэгч байрлуулах нь өртөг өндөртэй байгаа бөгөөд нөгөө талаар ухаалаг түрдэг тэрэг болох Caper нь ч гэсэн бүтээх өртөг өндөр бөгөөд харьцангуй том супермаркет, агуулах худалдаа зэрэгт одоогийн байдлаар тун ч тохиромжгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч судлаачид уг бүтээлээ амжилттай болгохоор зорьж байгаа бөгөөд Caper тэргийг ашиглан худалдан авалт хийж байгаа иргэдийг ашиглаж, хиймэл оюунд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд хэрэглэгчид бараа авсан даруйдаа дээр суурилуулсан мэдрэгчид тухайн барааны бар дугаарыг уншуулж ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: CNN