Т.Хулан: Зөвлөх үйлчилгээ авсан компаниудын борлуулалт 25 хувиар, бүтээмж 40 хувиар өссөн
Менежментийн зөвлөх үйлчилгээг бизнес эрхлэгчдэд ойртуулах, ач холбогдлыг нь таниулах зорилготой “Business to Business” буюу B2B хэлэлцүүлгийг ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн зөвлөхүүд уг арга хэмжээнд оролцож тал бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг бөгөөд өнөө жил “Сорилтыг хамтын хүчээр” нэрийн дор энэхүү хэлэлцүүлгийг нийслэл болон орон нутгийн бизнес эрхлэгчдийг хамруулан хоёр удаа цахимаар зохион байгуулсан юм. Энэ талаар ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв (ЖДБЭДТ)-ийн захирал Т.Хулантай ярилцлаа.
-Танай банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Ямар үр дүн гарч буй талаар хуваалцахгүй юу?
- ХААН Банк харилцагч нартаа банк санхүүгийн үйлчилгээг нийслэл, орон нутаг дахь 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан хүргэдэг. Үүнээс гадна санхүүгийн бус үйлчилгээ буюу бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг цогцоор нь дэмжих, сургаж чадавхижуулах, менежментийн зөвлөх үйлчилгээ давхар үзүүлдэг. Харилцагчдадаа шаардлагатай зээл, санхүүжилтийг нь олгох, банкны үндсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнесээ зөв оновчтой эрхлэхэд нь чадавхижуулах, сургаж, хөгжүүлэх чиглэлд манай ЖДБЭДТ-ийн үйл ажиллагаа чиглэдэг гэсэн үг л дээ. 2019 оны байдлаар бид сургалт, зөвлөх үйлчилгээнээс гадна ЖДБЭ-дийн бизнесийг нь дэмжсэн холбох үйлчилгээ буюу уулзалт арга хэмжээнүүд зохион байгуулж, нийт 1,200 гаруй харилцагчийг хамруулсан байна. Өнгөрсөн 5, 6-р сард зохион байгуулсан B2B онлайн хэлэлцүүлэг бол харилцагчдынхаа бизнесийг дэмжсэн, холбох үйлчилгээний нэг юм. Харилцагч нартаа менежментийн зөвлөх үйлчилгээний талаар ойлголт өгөх, энэ чиглэлийн мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай холбож өгөх, цаашлаад зөвлөх үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн тэтгэлэгт хамруулах гэсэн үндсэн гурван чиглэлийн дагуу B2B хэлэлцүүлгийг зохион байгуулдаг.
-Онлайн арга хэмжээнд орон нутгийн бизнес эрхлэгчид хэр идэвхтэй оролцов?
-Маш идэвхтэй оролцсон. Сүүлийн хэлэлцүүлэгт орон нутгийн 230 харилцагч, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдсанаараа онцлог байлаа. Өнгөрсөн 5-р сард бид Улаанбаатарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг харилцагчдадаа зориулж онлайн хэлэлцүүлэг хийсэн. Цар тахлаас үүдсэн хямралын энэ цаг үед хэрхэн бизнесээ оновчтой удирдаж төлөвлөхөд нь зөвлөн чиглүүлж, энэ сорилтыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ байсан. Аж ахуйн нэгжүүдэд зөвхөн нэг асуудлыг шийдэх биш, байгууллагынхаа олон үйл ажиллагааг зэрэг сайжруулах хэрэгцээ бий. Энэ цаг үед ямар стратеги барьж ажиллах, санхүүгээ яаж оновчтой зөв удирдах, цар тахал байхгүй боллоо гэхэд бизнесийн ямар боломжууд бий болох, хямралыг боломж болгон харах гэхчилэн олон чухал асуудлыг энэхүү хэлэлцүүлгээр бид бүхэн хөндөн ярилцлаа.
-Өмнө нь ХААН Банкны “Бизнес инкубатор” төв гэж байсан. ЖДБЭДТ болон өргөжсөнөөр бизнесүүдийг “бойжуулах” талаас нь илүү анхаарч байгаа гэсэн үг үү?
-2006 онд байгуулагдсан “Бизнес инкубатор” төв маань бизнес эрхлэгч харилцагчид, захирлуудыг илүү сургаж чадавхижуулах тал дээр анхаарч, хөгжүүлдэг байсан. Өнгөрсөн 2018 онд төв болон өргөжсөнөөр захирал, бизнес эрхлэгчдийг хувь хүн талаас нь ур чадварыг нь сургаж хөгжүүлэхээс гадна компанийнх нь үйл ажиллагааг цогцоор нь сайжруулах ажлыг нэлээд хийж байна. Зөвлөх үйлчилгээг үйл ажиллагаандаа нэмснээр зөвхөн удирдах албан тушаалтны ур чадвараас гадна компанийн үйл ажиллагааг цогцоор нь дэмжих болсноороо онцлог. Үр дүнгээс цухас дурдахад бид өнгөрсөн онд зөвлөх үйлчилгээний танхимын сургалт хосолсон “Хөгжлийн хөтөлбөр”-ийг 3 удаа зарлан хэрэгжүүлж, 30 гаруй харилцагчийг хамрууллаа. Эдгээр компанийн үр дүнг нийтэд нь хэмжихэд дунджаар борлуулалтын орлого нь 25 хувь өсөлттэй, бүтээмж 40 орчим хувиар сайжирсан, мөн ашигт ажиллагаа 20 орчим хувиар өсөж, ажлын байраа нэмэгдүүлсэн сайн үзүүлэлт гарсан. Зарим компанийн хувьд процессоо сайжруулснаар орон тоо хасагдсан. Энэ нь нэг талдаа сайн. Нөгөө талдаа зарим компанийн бизнесийн үйл ажиллагаа гурав дахин өссөнөөр хүний нөөцөө өргөжүүлж, 60 ажилтнаа 120 болгож нэмсэн жишээ бий.
Бид бие даасан зөвлөх үйлчилгээг бас үзүүлдэг. Энэ хүрээнд нэг компани дээр нэг зөвлөх гурван сарын турш ажилладаг. Энэ ажлын үр дүн ч бас сайн байгаа. Зөвлөх үйлчилгээ авсан компаниудыг дундажлаад авч үзэхэд борлуулалтын орлого нь 40 хувиар, бүр 60 хувиар нэмэгдсэн аж ахуйн нэгж ч бий. Өмнө нь 100 харилцагч хүлээж авдаг байсан бол бизнесийнхээ загвар модельд өөрчлөлт оруулж, харилцагчдаа сегментчилж, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлснээр 300 харилцагчтай болсон байх жишээтэй. Олон эерэг өөрчлөлт гарч байна. Зөвлөх үйлчилгээ авангуут тухайн бизнес тэр дороо сайжирна гэсэн үг биш, мэдээж тухайн компанийн удирдлага хамт олноос ихээхэн хамаардаг. Зөвлөхүүдийн өгч байгаа санал шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлж, өөрчлөлтүүдийг зоригтойгоор хийж, ихээхэн хүчин зүтгэл гарган хамтдаа хичээснээр үр дүнд хүрнэ. Менежментийн зөвлөх үйлчилгээ авснаар бусдаасаа нэг алхам түрүүлж алхан боломжуудыг олж харж, бизнесээ илүү системтэйгээр өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог.
- Менежментийн зөвлөх үйлчилгээний эрэлт хэрэгцээ ер нь хэр нэмэгдэж байгаа вэ?
- Сүүлийн жилүүдэд менежментийн зөвлөх үйлчилгээний талаар бизнес эрхлэгчид харьцангуй мэдээлэлтэй байдаг болжээ. Зөвлөх үйлчилгээнд хамрагдан үр дүнг нь мэдэрсэн компани дараа жил нь өөр чиглэлээр дахин ийм үйлчилгээ авдаг болсон нь харагдаж байна. Жишээ нь, нэг харилцагч маань ISO, чанарын менежментийн болон бизнес моделийн гээд нийт гурван удаа зөвлөх үйлчилгээ авсан. Үр дүн гарч байгаа болохоор бизнес эрхлэгчид энэ талаар мэддэг, ач холбогдлыг нь ойлгодог болсон. Мэдээж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани олон бий ч бидний зүгээс харилцагчдаа Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-ын статустай зөвлөхүүдтэй холбож өгдөг.
- Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.