Австралийн дэлгүүрүүдийн лангуун дээр оёдлын зүү шивсэн гүзээлзгэнэ зарагдаж эхэлсэн тухай news.com.au сайт мэдээлсэн байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу Австралийн цагдаа нар энэ хэргийг шалгаж эхэлсэн аж. Өмнөд Австрали мужийн Аделаида хотын иргэд худалдан авсан зэтгэнэ дотроос оёдлын зүү, талхнаас цаасны товчлуур гарсан тухай гомдол ирүүлсэн байна. Цагдаа нар гомдлын мөрөөр шалгалт хийгээд хүнийг ноцтой гэмтээж болзошгүй эд зүйлсийг хүнсний бүтээгдэхүүний дотор санаатайгаар хийсэн гэж үзсэн байна. Жижиглэн худалдааны сүлжээнүүд хэрэгтнийг илрүүлэхийн тулд цагдаагийн газартай идэвхтэй хамтран ажиллаж эхлэхтэй зэрэгцэн дотоод мөрдлөг явуулж эхэлсэн тухайгаа мэдэгджээ.
Австралид 2018 онд жижиглэн худалдааны цэгүүдээр зарагдаж байгаа зэтгэнэ зэрэг жимсэнд санаатайгаар оёдлын зүү хийсэн мэдээ гарч эхэлсэн. Зэтгэнийн дотор зүү хийсэн 100 гаруй тохиолдол гарсны дараагаар хүмүүс зэтгэнэ авах нь эрс багассан. Улмаар зэтгэнэ тариалдаг компаниуд олон арван тонн жимс устгаж олон сая долларын хохирол хүлээсэн тул Австралийн Засгийн газар нь тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан юм.
Тухайн үед Австралийн цагдаа нар мөрдөн байцаах ажил явуулж зэтгэнийн ферм дээр ажилладаг Вьетнам гаралтай Май Ут Тринх гэдэг эмэгтэй цалин хөлс, ажлын нөхцөлдөө дургүйцэн фермийн эздийг хорлохын тулд савлах явцад зүү хийж байсныг тогтоон баривчилж байжээ.
Эх сурвалж: news.com.au