Иранд АНУ-ын тагнуул хийсэн хүнийг цаазаар авчээ
Иран улс батлан хамгаалах яамныхаа экс ажилтан Реза Асгарийг улс орныхоо эсрэг гадны орны эрх ашгийн төлөө тагнан мөрдөх, нууц мэдээлэл дамжуулсан хэргээр цаазаар авсан байна. Энэ талаар Ираны шүүх байгууллагын албаны төлөөлөгч Голам-хоссейн Исмаили мэдээлжээ.
Исмаилигийн мэдээлснээр Асгари нь Америкийн Холбооны мөрдөх товчоонд Ираны пуужингийн хөтөлбөртэй холбоотой нууц мэдээлэл дамжуулж, худалдсан хэрэгт буруутгагдан, түүнийг өнгөрсөн долоо хоногт цаазалсан байна. Реза Асгари нь Ираны батлан хамгаалах яаманд сансрын албанд дээгүүр албан тушаал хашиж байгаад 2016 онд ажлаасаа халагджээ. Ингэхдээ Ираны албаны хүн илүү тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Одоогоор Америкийн тал Асгариг цаазаар авсан гэх мэдээлэлд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. Ираны тусгай албад өнгөрсөн оны 7-р сард 17 хүнийг төрд тэрсэлж, улс орныхоо эсрэг ажилласанд буруутган баривчилсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Ираны цэргийн болон цөмийн хөтөлбөртэй холбоотой нууц мэдээлэл цуглуулж, Америкийн Холбооны мөрдөх товчоонд өгсөнд буруутган, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хүнийг цаазаар авсан байна.
Эх сурвалж: BBC