Чацаргана тариалах ААН-үүдэд 10.4 мянган суулгацыг 50 хувийн хөнгөлөлттэй олгожээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар 2017 онд "Жимс, жимсгэнэ", "Хүнсний ногоо" гэсэн 2 хөтөлбөр баталснаас "Жимс, жимсгэнэ хөтөлбөр"-өөр 2022 онд тариалах талбайг нийтдээ 12 мянгад хүргэх зорилт тавьсан юм. Тодруулбал, 12 мянган га-гаас 10 мянгад нь чацаргана, 2 мянган га-д бусад жимс тариална.
Энэ онд тариалалтыг 8 мянган га-д хүргэхээс өнөөдрийн байдлаар зорилтот хөтөлбөр 80 гаруй хувьтай байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Энэ жил 6.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаас 5.5 мянган га-д чацаргана, 500 га-д бусад жимс жимсгэнэ тариална.
Энэ намар 3 мянга гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Үхрийн нүд, далайн хальс зэрэг жимсийг хурааж эхэллээ. Удахгүй бусад төрлийн жимс жимсгэний болц гүйцнэ. Тариалалтын хэмжээ өнгөрсөн жилээс 200 га-гаар нэмэгдсэн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.
Энэ намар 3000 гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ
Энэ жил жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд тариалах хүсэлт гаргасан ААН, иргэдэд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг