Энэтхэгийн Дотоод хэргийн яам бүх нэгжүүд, түүний дотор цагдаагийн газрыг Facebook ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэрийн дагуу Энэтхэгийн ДХЯ-нд багтдаг Энэтхэгийн төв нөөцийн цагдаа, Энэтхэг-Төвөдийн хилийн цагдаа, хилийн хамгаалалт, Төв зэвсэгт цагдаа, Аюулгүй байдлын үндэсний гварди гэсэн нэгжийн бүх албан хаагчид Facebook хэрэглэх хориотой болов.
ДХЯ-ын бүтцийн нэгжүүд нь зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажилладаг учраас ийнхүү “Facebook”, “Instagram”-ыг хориглож байгаа юм байна. Энэтхэгийн зэвсэгт хүчний бүх алба хаагчдыг энэ сарын 15-аас эхлэн цол зэргээс үл хамааран нэн даруй “Facebook” бүртгэлээ устган, цаашид хэрэглэхээс бүрэн татгалзахыг тушаасан. Тушаалыг зөрчсөн хүмүүс сахилга батын хатуу арга хэмжээ авна гэж анхааруулаад байгаа юм.
Ийнхүү Энэтхэгийн хүчний хоёр том байгууллага “Facebook”, “Instagram” гэсэн олон нийтийн сүлжээ ашиглахаа больж байгаатай холбогдуулан гадаадын тагнуулын албад нэвтрэн, ашиглах боломжгүй өөрийн гэсэн олон нийтийн сүлжээ бий болгох ёстой гэж шийдсэн тул энэтхэг мэргэжилтнүүд ажлаа эхлүүлсэн байна.
Хятад, Энэтхэгийн хилийн дагуу мөргөлдөөн болж, байдал хурцадсаны дараанаас гадаадын тагнуулын албад Энэтхэгийн цэргүүдээс нууц мэдээлэл сэм авахын тулд “Facebook” ашиглаж байсан нь илэрсэн учраас ийм шийдвэр гаргажээ. Пакистаны тагнуулын алба нь Энэтхэг цэргүүдтэй танилцан цэргийн ангийн байршил зэрэг мэдээлэл авах зорилгоор эмэгтэй хүний нэрээр бүртгэл нээж байсныг илрүүлсэн байна. 2019 онд Ражастан мужид Энэтхэгийн сөрөг тагнуулын алба нь хоёр цэргийн албан хаагчийг цэргийн нууцад хамаарах мэдээллийг Пакистан руу явуулсан гэж баривчилж байжээ. Тэд “Facebook”-д эмэгтэй хүн гэж бүртгүүлсэн Пакистаны тагнуулын ажилтнуудтай мессежээр харилцдаг байсан байна.
Энэтхэгийн арми, цагдаа нарыг “Facebook”, “Instagram”-аас гадна өөр 85 аппликейшныг ашиглахыг хоригложээ.
Эх сурвалж: BBC