Коронавирусын цар тахал нь хүн төрөлхтний өмнө тулгарсан анхны гамшиг биш юм. Энэ хэдэн сарын хугацаанд бид өөрсдийнхөө тухай юу мэдэж авав?
BBC сувгийн Hardtalk нэвтрүүлэгт ярилцлага өгсөн Нидерландын түүхч зохиолч Руттгер Бергманы үзэж байгаагаар
"Бидний ихэнх нь дажгүй сайн хүмүүс гэдгээ мэдэж авлаа. Ялангуяа цар тахлын дэгдэлтийн энэ хүнд үед ихэнх хүмүүс өөрсдийгөө сайн талаас нь харуулж, хүн төрхөө алдахгүй байж чадлаа. Газар сайгүй хүнд хэцүү үед хамтран ажиллаж, бие биедээ тусламжийн гараа сунгаж, бусдын төлөө өөрийгөө зориулах үйлс их түгэн дэлгэрч байгааг бид харж байна. Миний бодлоор чухамдаа энэ цар тахлаас бидний авах хамгийн чухал сургамж болов уу. Мэдээж утга учиргүй 00 цаас нөөцлөх нэгэн байхад эсрэгээрээ аль болох олон хүний амийг аврах гэж амь хайргүй тэмцэх мянга мянган сувилагчид байгааг бид мэдэж авлаа."
13-р зуунд гарсан "Хар үхэл" хэмээх цар тахлаар тухайн үеийн Европын хүн амын 60% нь нас барсан билээ.
Зарим түүхчид хар тахлын дараах ажиллах хүчний хүрэлцээгүй байдал нь феодалын систем нуран унахад нөлөөлсөн гэж үздэг. Харин 20р зууны эхэнд Испани ханиадны цар тахлаар Европт бараг 50 сая хүн эндсэн. Гэхдээ үүний үр дүнд хүмүүс вирусын мөн чанарыг илүү сайн ойлгох болж түүнтэй хэрхэн тэмцэх аргаа мэдэж авсан ба чухамхүү Испани ханиадны дараагаас л Европын олон оронд төрийн зохицуулалттай эмнэлэгийн нэгдсэн үйлчилгээний системийг нэвтрүүлж эхэлсэн юм.
Харин дэлхийн 2р дайны дараагаас дахин дэлхийн хэмжээний дайн гарахаас сэргийлсэн олон улсын нэгдсэн байгууллагууд бий болсон билээ.
Тэгвэл одоо үед юу болохгүй байна вэ?
Руттгер Бергсоны үзэж буйгаар
"За бараг сүүлийн 40 жилийн туршид дэлхийн ихэнх улс орны замнаж буй хөгжлийн загвар болох "неолиберал капитализм" буюу түүний гол үзэл санаа болох "Хүн гэдэг амин хувиа хичээх үзэлтэй" гэсэн номлолын дагуу бид улс орноо удирдан чиглүүлж иржээ. Гэхдээ үр дүн нь миний бодлоор тийм ч сайн байсангүй. Бид хаа сайгүй л ганцаардал, сэтгэл гутрал, ажлаас халшрах эмгэг түгэн дэлгэрч байгааг харж байна. Энэ бодит байдал маань ч бас бидэнтэй тулгарсан цар тахалтай тэмцэхэд ердөө ч нэмэр тус болохгүй байгааг бид харж байна. "
Цаашид юу болох бол?
Миний бодож байгаагаар бол, гэхдээ би яг ингэнэ гэж таамаглаад байгаа юм биш л дээ ийм байгаасай ийм ч боломжтой учраас итгэж найдаж байгаагаа хэлье л дээ.
Миний бодлоор хүн төрөлхтөн дараагийн шинэ эриний босгонд тулж ирээд байна. Арай өөр үнэт зүйлтэй, хүний мөн чанарыг арай бодитоор үнэлсэн, хүмүүс илүү хамтарч нэгдсэн, харилцан туслалцсан, эв нэгдэлтэй болох болов уу гэж би бодож байна. Ийм шинэ үзэл санаа эхэндээ утгагүй, хэрэгжих боломжгүй юм шиг санагддаг боловч яваандаа түгэн дэлгэрч нийтийн үзэл санаа болж хувирдаг шүү дээ. Тийм ээ. Минийхээр бол 2008 оны эдийн засгийн хямралаас хойш хүн төрөлхтний үзэл санааны өөрчлөлт энэ зүгт л яваад байх шиг. Жишээ нь гэхэд бид одоо дэлхийн хүн амын орлогын үндсэн түвшин, баячуудаас илүү татвар авах тухай, бидний ирээдүйд хөрөнгө оруулах чадамжтай илүү хүчирхэг төрийн тухай нээлттэй ярилцаж нийтийн үзэл санаа болж эхэлж байна шүү дээ."
Нидерландын түүхч зохиолч Руттгер Бергманы бичсэн "Реалистуудад зориулсан утопи" ном нь дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Түүний үзэж буйгаар хүн төрөлхтний шинэ үнэт зүйл нь сайхан сэтгэл бөгөөд удахгүй дэлхийн нийтийн үзэл санаа нийгэм журамд томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт тэрээр итгэлтэй байгаа юм. Хар тахал феодализмыг түлхэн унагаж, испани ханиад дэлхийн ихэнх оронд төрийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог бий болгож чадсан шиг энэ удаагийн цар тахал хүн төрөлхтнийг үнэхээр ойртуулан нэгтгэж чадах болов уу.
Эх сурвалж: BBC