Инфографик: Монгол Улсын Их Хурлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, хэсэг, заалтад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.
Шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дараах харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан болно. Үүнд:
- Улсын Их Хурлын зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад орших бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, хуулийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг парламент болох хууль зүйн үндэс бүрдсэн;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргийг өөрчлөн найруулж, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан;
- Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгосон;
- Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилсөн;
- Улсын Их Хурлын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулсан;
- Хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилсан;
- Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгасан;
- Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлсэн;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг төслийн 38 дугаар зүйлээр тодорхойлсон;
- Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилсөн;
- Улсын Их Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгосон;
- Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлаж, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр зохицуулсан;
- Гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан;
- Төслийн долдугаар бүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн болно.
Улсын Их Хурлын Тамгын газар