Өвөр Монголын сургуулиудад монгол хэлээр хичээл заахыг хориглох уу?
ӨМӨЗО-ны Байшинт (Тонляо) хотын ерөнхий боловсролын сургуулиуд дахь монгол хэл дээрх хичээлийн хөтөлбөрийг ирэх есдүгээр сараас эхлэн зогсоох шийдвэрийг орон нутгийн удирдлагаас гаргасан болохыг "Radio Free Asia" мэдээлжээ.
Тодруулбал, Тонляо тойргийн боловсролын хорооноос хичээлийн шинэ жилээс эхлэн монгол хэл дээрх сургалтыг хасах албан зөвлөмжийг хүргэж эхэлсэн байна.
Боловсролын хорооноос сүүлд хийгдсэн шалгалтын үеэр дээрх шийдвэрийн талаар багш нарт анхааруулсан болохыг Өвөр Монголын нэгэн багш сошиал хуудсандаа дурджээ. Ирэх есдүгээр сараас эхлэн математик, физик, хими, улс төрийн боловсрол, биеийн тамирын хичээлүүдийг хятад хэл дээр зааж эхлэх тухай тэрээр постондоо бичжээ.
Өмнө нь Хөх хотод багш хийж байсан, Монголчуудын эрхийн төлөө тэмцэгч Синна (Xinna) уг өөрчлөлтийн талаар нутгийн иргэдээс сонссон тухайгаа ярьсан байна. "Шинэ дүрмийг сахиулахын тулд тусгай албан хаагчдыг ажиглагчаар илгээнэ гэж сонслоо. Өвөр Монголын эрх баригчид өмнө нь монгол хэлээр хичээл заадаг байсан сургуулиудыг албадан өөрчилж, хятад хэл дээрх сургалттай болгож байна... Хэдий цахим орчинд цензур их тавигдаж байгаа ч үүнийг эсэргүүцсэн хүмүүсийн дуу хоолой бидэнд хангалттай хүрч байна" гэжээ.
Америк дахь монголчууд уг шийдвэрийн эсрэг жагсаал зохион байгуулжээ
Түүнчлэн үүнтэй төстэй арга хэмжээг их сургуулиудын хүрээнд авч эхлэх тухай Байшинт хотын оршин суугч монгол иргэн өгүүлжээ.
Өвөр Монголчуудын эрхийн төлөө тэмцэгч Хадаагийн явуулсан судалгаагаар Хөх хотод 210 мянга гаруй монгол үндэстэн байдаг ч ердөө 3000 сургууль монгол хэл дээр хичээл заадгийг тогтоожээ.
Өмнө нь Үзэмчин хошуунд эрх баригчид дээрхтэй адил арга хэмжээг эхлүүлсэн ч эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хойшлогдож байв. "Эхлээд тэд Шилийн Гол аймагт хэрэгжүүлэх гэсэн ч үүнийг бүгд эсэргүүцсэн. Тонляод монгол хүмүүс хамгийн их бий, бараг нэг саяд хүрнэ... Энэ бол соёлыг уусгах бодлогын томоохон жишээ мөн" хэмээн өдгөө Германд амьдарч буй өвөр монгол тэмцэгч Ши Хаймин өгүүлжээ.
Эх сурвалж: Radio Free Asia