Хөлбөмбөгчин рүү арьс өнгөөр доромжилсон мессеж илгээсэн 12 настай хүүг баривчилжээ
Английн Премьер лигийн "Кристал Палас" клубын довтлогч Уильфред Захагийн сошиал хаяг руу арьс өнгөний үзэл, доромжилсон агуулга бүхий зурвас илгээсэн 12 настай хүүг Уэст Мидлэнд мужийн цагдаа нар баривчилжээ.
Заха нь өнгөрсөн ням гарагийн өглөө, "Астон Вилла"-тай хийх тоглолтын өмнө тухайн мессежийн скрин-шотыг нийтэлж, "Сэрээд ийм зүйл харлаа" хэмээн бичсэн байна.
Тодруулбал тэрхүү мессеж дээр "Маргааш гоол хийгээд үзээрэй. Чам дээр сүнсний хувцас өмсөөд очих болно шүү" гээд арьс өнгөний үзэл бүхий үг хэллэгийг ашиглажээ. "Сүнсний хувцас" гэдэг нь хар арьстнуудын эсрэг "ККК" бүлэглэлийн өмсгөлийг хэлж байгаа аж.
Премьер лиг нь хоёр долоо хоногийн өмнө тамирчдыг цахим орчинд арьс өнгөөр доромжилсон тохиолдлыг шууд мэдээлж байх зөвлөмж гаргаад байсан юм.