Монгол улсын аварга П.Бүрэнтөгс: Төр, түмнийхээ итгэлийг дааж, монгол бөхийн хийморь лундааг өргөж явна
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
Барилдааны наймын даваанд улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчтай, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайхантай оноолт таарсан юм. Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайханыг давсан.
Ингэснээр есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурьтай үзүүр түрүү булаалдсанаар улсын арслан П.Бүрэнтөгс давж, улсын аварга цол хүртсэн билээ.
Тэрбээр "Намайг дэмжиж байсан ард түмэндээ баярлалаа.Энэ бол ганц миний амжилт бус. Та бидний бүгдийнх нь баяр. Маш олон хүн баяр хүргэж, цаашдын амжилтыг ерөөж байна. Төр, түмнийхээ итгэлийг дааж, монгол бөхийн хийморь лундааг өндөрт өргөж явна" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.