Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын нэгийн даваа 13-р зуун цогцолборт эхэллээ.
Энэ жилийн наадамд зодоглож буй 512 бөхийг дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат тэргүүтэй таван аварга тэргүүлж, П.Бүрэнтөгс тэргүүтэй долоон арслан, М.Баяржавхлан тэргүүтэй долоон гарьд, Н.Жаргалбаяр тэргүүтэй есөн заан, Г.Элбэг тэргүүтэй 17 харцага, Э.Энхбат тэргүүтэй 48 начин цолтон барилдаж байна.
2019 оны наадмын түрүү бөх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд аварга энэ жилийн наадмыг өнжжээ. Өнгөрсөн сард захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболд сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн гэж үзэн, барилдах эрхийг хоёр жилээр хасах, Монгол Улсын аварга цолыг хураах шийдвэр гаргаад байсан юм. Гэвч тэрээр наадмын бэлтгэлдээ гараад байгааг эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Барилдаанд зодоглож буй бөхчүүдээс хамгийн өндөр настай нь 64-тэй улсын начин Л.Цэвээн, мөн 56 настай улсын арслан Д. Мөнх-Эрдэнэ нар болж байна.