Ерөнхийлөгч гадаадад байгаа иргэдийг ТАТАН АВЧРАХ ҮҮРЭГ өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов.
Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.
Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.