Коронавирусийн үеэр гоо сайхны мэс засал хийлгэх нь огцом нэмэгджээ
Коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор улс орнуудад иргэд гэрээсээ ажиллаж, гадуур гарахдаа амны хаалт зүүх болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор гоо сайхны мэс заслын эмнэлгүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо огцом нэмэгджээ.
Цар тахлын улмаас олон тооны компани, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрсэн бол гоо сайхны мэс заслын эмнэлгүүд үйлчлүүлэгчдээ коронавирусын шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтлийг тогтмол хийснээр үйл ажиллагаагаа хэвийн явуулсан хэвээр байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос болон Австрали зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд уруул томруулах, ботокс, нүүрний арьсыг татах, хамар янзлуулах мэс ажилбарууд хийлгэхээр хандсан үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ.
Гоо сайхны мэс засалд орсон иргэд ихэвчлэн ажлаасаа чөлөө авах, амралтаа авахад хүрдэг байсан бол коронавирусын цар тахлын үеэр иргэд гэрээсээ ажилладаг болсноор иргэд чөлөө авах шаардлагагүй болсон аж. Гоо сайхны мэс засал ихээр хийгддэг БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн анхны улс орнуудын нэг билээ. Тус улсын эрх баригчид коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоохын оронд иргэдийг хоорондоо зай барих, гэрээсээ ажиллах заавар зөвлөмжийг өгсөн билээ. Гоо сайхны мэс засал хийлгэхээр ирэх гадаадын үйлчлүүлэгчдийн тоо буурсан ч дотоодын үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн ба зарим эмнэлгүүд дотоодын үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна.
Сөүл дэх BK эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч коронавирусын цар тахал дөнгөж эхлэх үеэр иргэд эмнэлгээр үйлчлүүлэхээс эмээж байсан бол аажмаар дотоодын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, өнөөдрийг хүртэл тасралтгүй өссөөр байгааг БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Цахимаар зөвлөгөө авах гадаадын иргэдийн тоо ч мөн өссөн ба улс орнууд хилээ нээсний дараагаар БНСУ-д ирж гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөсөн иргэдэд мэс засалд бие болон сэтгэл санаагаа бэлтгэх боломж болж өгч байгаа аж. Японд мөн адил коронавирусын халдвар авах эрсдэлийг үл харгалзан гоо сайхны мэс засалд орох хүсэлтэй иргэдийн тоо өсчээ.
Үүнтэй холбоотойгоор Японы Гоо сайхны анагаах ухааны холбооноос гоо сайхны мэс засал нь олон тооны иргэдийн хувьд "нэн шаардлагатай" эмчилгээ үйлчилгээ биш учраас коронавирусын халдвар тархахаас сэргийлж гоо сайхны мэс ажилбар хийлгэхээс зайлсхийхийг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC