Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 12142000 хүн өвчилж, 555000 хүн нас барсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 8-нд нийт 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирэс илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд 200,000 хүн өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Мөн сүүлийн хоногт АНУ-д өвчлөл 50,000, Бразилд 45,000, Энэтхэгт 25,000-аар нэмэгдлээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,562 хүн шинээр халдвар авч 173 хүн эндлээ. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа.
Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин одоогоор 2,996 хүн ажиглалтад байна. Сөүлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 261 хүн ирснээс 3 хүнийг Цэргийн эмнэлэгт тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авлаа" гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: БНСУ-д өчигдөр 28 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь дотоодын халдвар, нэг нас баралт бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүмүүдэд залбиралаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба сүмд ирэх иргэдийг QR кодоор бүртгэхээр болжээ. БНХАУ-д дотоодын халдвар бүртгэгдээгүй, гаднаас зөөвөрлөгдсөн есөн тохиолдол бүртгэгдлээ.