Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!
Дэлхий дээр монгол хэлээр 10 гаруй сая хүн ярьж байгааг хэл шинжээчид онцолдог. Тэд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад оршин сууж байна. Бид гурван саяулаа, үлдсэн долоон сая монгол хэлтэн ОХУ, БНХАУ-д бий. Бид нараас гадна эх хэлээр маань ярьдаг долоон сая хүн байна гэдэг бахархам явдал мөнөөс мөн.
Энэ ч утгаараа бидний хамгийн эв найрамдалтай, элэгсэг байх ёстой хүмүүс бол тэд юм. Бид хэзээд тэдний өмнө хариуцлага хүлээж, чих тавин суух үүрэгтэй. Учир нь бид өөрсдийн гэсэн эрх чөлөө, тусгаар тогтнолтой, бодлого зорилттой, НҮБ-ын гишүүн болох Монгол гэх туурга тусгаар улс юм. Үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх нь энэ тусгаар улсын үүрэг. Ер нь дэлхий дээрх үндэстнүүд ч нэг нэгнээ л гэдэг шүү дээ. Энэ магад шинэ тутам сонсогдож болох ч бид одоо аливааг том зургаар нь харж сурах цаг болсон.
Энэ цаг үед дэлхий нийт коронавирусийн хүлээсэнд орж, нөхцөл байдал тааварлахын аргагүй хэвээр байсаар байна.Тэдний дунд ОХУ ч багтаж буй. ОХУ-д цар тахлын нөхцөл байдал ярвигтай хэвээр байж бидний мах цусны тасархай, өнөөх монгол хэлтнүүд болох буриад, халимаг, тувачууд өртсөөр байна. Тэд хэцүү цаг үеийг туулж байгааг зарим жишээ нотолж байгаа юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Хиагтын боомт дээр монгол залуугийн авч явсан амны хаалтыг Буриадын Гаалийн газраас хураажээ. Өвчин ид дэгдэж байсан тэр үед Монголдоо аваачиж хэдэн төгрөг нэмээд зарчихъя гэсэн залуугийн хүсэл ч тийнхүү талаар болсон нь мэдээж. Тэд бидэнд эрэлхүү, дээрэнгүй ханддаг нь үнэн. Шалгаж, хурааж, улсын орлого болгон авч л байдаг. Гэхдээ энэ удаад тээвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүнд тооцогддог болох амны хаалтыг хурааж авсан нь өөр шалтгаантай байжээ. Тэд хураан авсан амны хаалтаа Буриадын төв эмнэлэгтээ хандивлаж, эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалсан байна. Тэд ядарч байгаа бололтой. Бид энэ ядарч яваа үед нь туслах учиртай юм. Тэдэнд амны хаалт, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалах хувцас илгээх боломж бидэнд бий. Хамгаалалтын хувцсыг бид эх орондоо үйлдвэрлэж чадаж байна. Тэр бүү хэл АНУ-ын шаардлагад нийцэж, тэдэнд ч тусламжаар хүргүүллээ шүү дээ. Коронавирусээр өвчилсөн 200-гаад хүнийг эмчилсэн арвин туршлагаа эмч нар маань ч элэг нэгтнүүддээ хуваалцаг. Энэ бүхнийг ажил хэрэг болгох үүднээс аян, хөдөлгөөн зохион байгуулъя. Ийм хэрэгцээ шаардлага, боломж бололцоо бидэнд байна.
Ах, дүү нартаа туслах нь бидний өөрсдийн аюулгүй байдалд ч тус дэмтэй. Учир нь бид холилдож л байдаг ард түмэн. Тувачууд хөтөлгөө морьтой давхиад ороод ирдэг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. залуу түүнийг цар тахлаар өвчилсөн үгүйг, өөрийгөө тээгч болчихлоо гэдгийг ч мэдэхгүй сумын төв рүүгээ галигуулчихаж чадна. Ингэж хэрэг мандаж, өвчин тархахыг үгүйсгэх аргагүй юм аа. Өвчин нэг л тархчихвал хуурай өвсөнд гал алдсан мэт байдал үүснэ. Энэ бүхэн тоглоом биш гэдгийг бид өнгөрсөн хагас жилийн турш харлаа. Гашуун сургамж болсон олон жишээг бид нүдээр үзлээ. Тиймээс бид элэг нэгтнүүдээ төдийгүй иргэдээ сайн хамгаалах хэрэгтэй байна.
Тува чигт ойрхон нутаглаж байгаа малчдаа хилээс дотогш 100 км хэртэй татмаар байна. Хаана хаанаа үүсэх эрсдэлээ бодож сонор сэрэмжээ алдахгүй байх нь энэ цаг үед бидний хамгийн сайн чадах зүйл юм.
Харин цар тахал өмнөдмонголчуудад харьцангуй аюул бага учруулж, нөхцөл байдал нь намжмал байна. Гэхдээ тэдэнтэй холбоотой зарим нэг мэдээлэл ч чих дэлсэх болов. БНХАУ-ын Коммунист намын Өмнөдмонголын намын хорооны шийдвэрээр Өмнөдмонголын зарим сургуульд монгол хэлээр хичээл орохыг хоригложээ. 2000-аад оны тооллогоор тус хотод 1.3 сая монгол үндэстэн тоологдсон байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл баттай бол манай улс өөрсдийн байр сууриа НҮБ-д илэрхийлэх хэрэгтэй байна. Юуны тулд бид НҮБ-ын гишүүн орон билээ. Тэднийг бичиг үсгээ ашиглах эрхийг хамгаалж, НҮБ-д илтгэл тавимаар байна. Бичиг үсгээ ашиглахгүй бол монгол хэлгүй болно. Монголоороо ярьж, сэтгэж чадахаа ч болино. Энэ асуудалд төр засгаас даруй анхаарах нь зүйтэй.
Үүнээс гадна бид Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээгээ цуцлах шаардлагатай байна. Бид 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийг айлчлах үеэр "Ялтан шилжүүлэх гэрээ"-г эцсийн байдлаар үзэглэсэн түүхтэй. Энэ гэрээнээс болж бид өмнөдмонголчуудаа барьж өгч, нэг үндэстний бус элэггүй зан гаргаж байгаа. Ийм хуншгүй зан гаргахаа болж, энэ байдалдаа цэг тавья. Мөн өмнөдмонголчуудаа хужаагаар нь дууддагаа ч болимоор байна. 1989 он хүртэл бид тэднийг их цөөхүүлээ, бүгд эрлийзжсэн гэж бат нот итгэдэг байв. Харин хил нээсэн тэр цагаас эхлэн бидний төсөөлөл тэс ондоо болохыг харж, мэдэрч байна.
Тэд яг л бидэнтэй адил монголоороо ярьдаг, магадгүй бид нараас ч илүү ёс заншлаа хадгалж үлджээ. Гэтэл бид өмнөх социализмын үеэс улбаатай тэднийг, монголчуудыгаа хужаа гэсэн мунхруулгад одоог хүртэл итгэсээр байна. Иймд төрөөс энэ тархи угаалтыг зогсоох, хориглох нь зүйтэй. Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх, тэдний төлөө өмөлзөх хүмүүс нь зөвхөн бид шүү дээ.
Отгоншаравын Aриунцэцэг