Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд
Роботууд... Бидний зарим нь үүнийг хайрладаг, зарим нь тэдэнд ажлын байраа алдана гэж санаа зовдог бол бас нэг хэсэг нь тэд дэлхийг эзэлнэ гэж айдаг.
Сүүлийн үеийн технологийн хөгжил, өдөр ирэх тутам чадавх нь нэмэгдэж буй хиймэл оюун,үйлдвэрлэх дамжлагын хөгжил зэргээс тэд улам бүр хэрэгтэй, чадварлаг, заримдаа айдас төрүүлэхээр болсоор байна.
Роботууд анхан үедээ зөвхөн үйлдвэрлэлийн дамжлагад зориулагдсан, хөдлөх боломжгүй, тухайн заасан бүсэд нэг л даалгавраа гүйцэтгэх зориулалттай байлаа. Харин өнөө үед тэд бидэн шиг хоёр хөл дээрээ алхаж, агаарт нисэж, хүнд даацын машин механизм жолоодож байна.
Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагад роботуудын оролцоо маш их болсоор байна. Та бүхэнд өнөөдөр бидний дунд амьдарч, бидэнтэй хамт ажиллаж байгаа хамгийн сүүлийн үеийн, өндөр хөгжил бүхий зарим талаараа айдас төрүүлж болохуйц роботуудыг танилцуулъя. Бидний азаар одоохондоо уг роботууд санаа зовоохоор үйлдэл гаргаж эхэлбэл цахилгааны залгуурыг салгах боломжтой хэвээр байсаар байгаа билээ.
Sony - Aibo (Сони - Айбо)
Японы Sony компанийн Айбо нь робот нохой бөгөөд тоглоом эсвэл тэжээвэр амьтны үүргээр бүтээгджээ. Уг бүтээлийг 2018 онд олны хүртээлд хүрснээс хойш улам хөгжүүлсээр байгаа бөгөөд хөдөлгөөн нь улам бодит болж мөн түүнчлэн эзнийхээ дуу хоолой, царай төрхийг нь таньж чаддаг болсноор зогсохгүй сэтгэл санааны байдалд нь дүн шинжилгээ хийж, уг нөхцөлд тааруулж зан байдлаа өөрчилдөг болсон байна.
Айбо-н алгоритм нь үүлэн системд байрладаг бөгөөд бүгд нэгэн зэрэг суралцах боломжтой болсон бөгөөд одоогийн байдлаар 100 хүртэлх хүний царай төрхийг таних чадалтай болсон байна.
Honda – Asimo (Хонда - Асимо)
Асимо бол дэлхий дээрх хамгийн өндөр хөгжилтэй роботуудын нэг бөгөөд хоёр хөл дээр явах, шатаар авирах чадвартай бөгөөд хамгийн чухал нь өөрөө бие даан суралцах чадвартай юм.
Асимо 2000 онд анх танилцуулагдсан бөгөөд тэр цаг үеэс хойш улам л хөгжиж, суралцсаар байгаа билээ. Тэрээр одоогийн байдлаар хүнтэй холбоо тогтоож, танин мэдэж, нүүр царай таньж мөн орчин тойрныхоо зүйлсэд оношлогоо хийж дээш доош болох, шатаар өгсөж, уруудах тооцооллуудаа хийж чаддаг болоод байгаа юм.
Toyota THR-3
Уг роботыг Тоёота компани зөвхөн нэг төрлийн үйлдэл биш маш олон үүрэг гүйцэтгэх чадвартай байдлаар бүтээсэн билээ. Уг роботыг цэвэрлэгээ, барилга байгууламжийн гүйцэтгэл, асаргаа сувилгаа эсвэл зүгээр л ганцаардсан үед хань болох зориулалтаар ч ашиглаж болох ажээ.
Уг роботын ашиглалт, зориулалтын боломж хүчин чадлын хязгаарыг одоо ч үзэж дуусаагүй байгаа бөгөөд уг робот нь хагас бие даасан болон холын зайнаас удирдах боломжтой учир маш олон төрлийн хэрэгцээ зориулалтаар ашиглаж болохоор байгаа юм.
Boston Dynamics – Spot (Бостон Динамикс – Спот)
70,000 ам долларын үнэ бүхий уг бүтээл нь Айбо шиг нөхөрсөг зориулалттай робот биш юм. Спот тоглоом болон тэжээвэр амьтан биш, түүнийг чухал шаардлагатай ажлуудад ашиглах хэрэгтэй гэдгийг зохион бүтээгчид нь мэдэгдээд байгаа юм.
Уг бүтээл нь олон төрлийн хөдөлгөөн хийх өндөр хүчин чадалтай бөгөөд чухал шаардлагатай даалгавруудад маш үр дүнтэй ажээ. Одоогийн байдлаар ослын болон барилгын талбайгаас зураг авах, NASA-н судалгаануудад ашиглаж мөн түүнчлэн коронавирусын улмаас хөл хорио тогтоосон учир Сингапурт ажиглалтын байдлаар ашиглаж байгаа юм.
Samsung – Bot Retail
Уг роботыг олон нийтийн газар, хэрэглэгч ихтэй дэлгүүрүүд гэх мэт бусад газруудад хэрэглэгчдэд туслах үүргээр бүтээжээ. Мөн түүнчлэн хэрэгтэй барааг нь олж өгөх, юу авахаа мэдэхгүй яваа бол зарим бүтээгдэхүүнийг санал болгох ч чадвартай гэнэ.
Уг бүтээгдэхүүн нь ар хэсэгтээ тавиур бүхий хэсэгтэй бөгөөд үйлчлүүлэгчдэд хэрэг болохуйц бүтээгдэхүүнүүдийг агуулж явах бөгөөд шаардлагатай үед шууд худалдан авч болох гэнэ. Та төлбөрөө картаар шууд роботод төлөх боломжтой. Мөн түүнчлэн царай таних болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд нүүр царайны хувирлыг ажиглаж ойлгох чадвартай ажээ.
Houston Mechatronics – Aquanaut
Та бүхэн Transformers буюу хэлбэр дүрсээ өөрчлөгч роботууд бүхий киног үзсэн байх. Aquanaut бол тэдний ижил бодит амьдрал дээрх дүрсээ өөрчлөгч робот. Уг бүтээл нь далайн гүнд ажиллах зориулалттай бөгөөд шумбагч хэлбэрийн тээврийн хэрэгсэл болохоос гадна зорьсон газартаа хүрсний дараагаар хэлбэрээ өөрчилж алсын зайн удирдлагатай хүчирхэг мэдрэгч бүхий хоёр гар нь гарч ирдэг байна. Уг роботыг далайн гүн дэх хайгуул болон газрын тосны шугам хоолой зэргийг засварлах үүрэгтэйгээр бүтээсэн байна.
Osaka University – CB2
Шинээр үйлдвэрлэгдсэн уг робот нь гаднах төрхийн хувьд олон хүний эгдүүцлийг хүргэдэг билээ. Уг робот нь 2007 онд анх бүтээгдсэн бөгөөд хүүхдийн мэдрэлийн хөгжлийг судлах зорилгоор анх бүтээж байсан юм. CB2 хүний сэтгэл санааны байдал болон биеийн хэлэмжийг ойлгохын тулд царай таних технологи ашигладаг бөгөөд 2 настай хүүхдийн хөдөлгөөн болон бусад зүйлсийг дуурайдаг, хоёр настай хүүхэдтэй ижилхэн сэтгэцийн чадамжтай ажээ.
Hanson Robotics – Sophia
Саудын Арабын иргэн, 2017 онд дэлхийн хамгийн анхны иргэншилтэй робот болсон тэрээр бас хамгийн айдас төрүүлэм роботуудын нэг юм. Уг роботыг жүжигчин Audrey Hepburn-г дуурайлгаж бүтээсэн бөгөөд зохион бүтээгчид нь Sophia-г ухаалаг, хөгжих чадвартай робот гэж онцолсон юм. Мөн түүнчлэн уг робот нь нүүрний хувирлыг бодит байдлаар гаргах, энгийн хүн мэт харилцах чадвартай бөгөөд өөрөө суралцах чадамж бүхий алгоритмоос бүтсэн тархитай ажээ.
Энэ мэтчилэн робот бүтээх технологи өдрөөс өдөрт улам төгөлдөржиж, хүнтэй ижил болж байгаа нь эгээтэй л зөгнөлт зохиол, кинонд гардаг шиг хувьсахвий гэх айдсыг олон хүнд төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Forbes