"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...
Бараг бүх л тэрбумтнууд ижил түүх ярьдаг. Тэр нь "надад нэг л өдөр сайхан санаа төрж түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэсээр эцэст нь нэг юм амжилтад хүрсэн" гэдэг үлгэр. Үүнээс олон хүмүүс "тэд чадсан юм чинь би ч гэсэн чадах юм байна" гэсэн ойлголтыг авч үлддэг.
Ялангуяа дэлхийн хамгийн чинээлэг эрхэм, цахим худалдааны сайт болох "Amazon"-ий үүсгэн байгуулагч Жефф Безос (Jeff Bezos) өөрийн түүхийг ярих их дуртай.
Тэрбээр 1994 онд гэрийнхээ гражнаас хамаг ажлаа эхэлж байсан, гараараа компанийнхаа логог зурж байсан гэх мэт түүхээ байнга дурсдаг. Мэдээж хэрэг Безос бол маш ухаалаг, алсын хараатай нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр өөрийн санааг бодит байдал болгохын тулд цаг наргүй хөдөлмөрлөж хүссэн оргилдоо хүрч чадсан.
Гэхдээ гражнаас бүх зүйл эхэлдэг гэдэг үлгэр тийм ч бодитой зүйл биш. Жефф Безост эцэг эх нь 240 мянган ам.доллар (Одоогийнхоор 658 мянган ам.доллар) өгч байж бизнесийн гарааг нь эхлүүлж байсан тухай тийм ч олон хүн мэддэггүй байх.
Жеффийн хойд эцэг болох Майк Безос энэ тухай "Бид зардал багатай газар амьдарч байсан учраас мөнгө цуглуулж түүний анхны хөрөнгө оруулагчид болсон юм." гэж хэлсэн байдаг. Майк нь Кубээс ирсэн цагаач бөгөөд дэлхийн хамгийн том газрын тосны компани болох "Exxon"-д инженерээр ажилладаг байжээ. Одоо тэд "Amozon"-д оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон гэнэ.
Жефф Безост том санаа байсан, харин эцэг эх нь олон зуун мянган долларгүй байсан бол тэр нь хэзээ ч бүтэхээргүй байсан юм.
Үүнтэй адил түүх олон бий. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл эцгээсээ 5 сая ам.долларын зээл авч ажлаа эхлүүлж байсан шүү дээ.
Эндээс харахад дэлхийн тэргүүлэх баячууд хөрөнгөө босгохын тулд боломжийн амьдралтай эцэг эхтэй байх шаардлагатай байгаа нь харагдана. Аль эсвэл сайн танилын хүрээтэй байх нь чухал.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгт олон жилийн турш бичигдэж ирсэн, "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн жишээг энд дурдаж болно. Түүний эцэг эх нь Вашингтон мужийн хамгийн нөлөө бүхий боловсрол болоод бизнесийн байгууллагуудад ажиллаж байжээ. Биллийн ээж Мэри 1980 онд АНУ-ын эдийн засагт хамгийн том нөлөөтэй сайн дурын байгууллага болох "United Way"-ийн захирлуудын зөвлөлд орсон анхны эмэгтэй болсон юм.
Тэнд Мэри тухайн үеийн хамгийн том технологийн компани болох "IBM"-ийн удирдлагуудтай уулзан хүүгийнхээ байгуулсан компани "Microsoft"-ийг дэмжих санал тавьсан байна. Үүний ачаар "IBM"-ийн цоо шинэ хувийн компьютер "5510" нь "Microsoft" үйлдлийн системтэй худалдаалагдах болсон аж. Хэрвээ ээж нь танилын хүрээгүй байсан бол хүү Гейтсийн компани нь амжилт олох байсан болов уу?
Хамгийн сүүлийн жишээ
"Facebook" компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг нь дээр дурдсан санхүүгийн чадамж болоод танилын хүрээ аль аль нь байжээ.
Маркын эцэг эх нь хүүгээ "Phillips Exeter"-ийн дунд сургуульд оруулсан юм. Тус сургууль нь АНУ-ын хамгийн сайн сургуулиудын нэг бөгөөд тэндээс бизнес, улс төрийн салбарт амжилт олсон хүмүүс олноороо төрдөг. Марк "Phillips Exeter"-д байх даа "Facebook"-ийг хөгжүүлэх боломж олгосон програмистын чадвараа олж авсан байна. Дашрамд дурдахад тус сургуулийн жилийн төлбөр нь 57 мянган ам.доллар юм. Харин дундаж америк өрхийн жилийн орлого 56 мянган ам.доллар байдаг.
Мөн 11 настай байхаас нь Маркын програмистын чадварыг хөгжүүлэх үүднээс эцэг эх нь алдарт веб хөгжүүлэгч Дэйвид Ньюманаар хичээл заалгаж байжээ. Дэйвид 11 настай хүүг гоц ухаантан хэмээн нэрлэсэн нь үнэхээр Марк Зукерберг бусдаас илүү байсныг харуулна. Гэхдээ эцэг эх нь боловсролд нь ингэж анхаараагүй бол тэрбээр "Facebook"-г байгуулах чадвар эзэмших байсан нь эргэлзээтэй.
Мэдээж хэрэг ийм хэмжээний дээр дурдсан гурван хүн хэн хүнээс илүү чадвар, алсын хараатай учраас тийм хэмжээний амжилтанд хүрсэн байна. Гэхдээ эцэг эх нь хүссэн хүнд олдохгүй боловсрол олгож, санхүүжилт үзүүлж танил талаараа дэмжээгүй бол бүх зүйл өөрөөр эргэх байсан нь тодорхой.
Энэ бол үнэн дээ хүн бүрийн мэддэг зүйл юм. "Шинийг санаачлагчид" үнэндээ бизнесийн эрсдэл, амжилтад хүрэх арга замыг зөн билэгтэй мэт тооцолдог хүмүүс биш юм. Ихэнх тохиолдолд тэд ердөө чинээлэг эцэг эхтэй байдаг. Баян чинээлэг гэр бүл нь ямар ч тууштай байдлаас илүү амжилтын эх болдог. Үүнээс болоод тэднийг элитүүд гэж нэрлэдэг. Европт байдаг нөлөө бүхий гэр бүлүүд дундад зууны үеэс хойш чинээлэг байдлаа хадгалж үлдсэн нь ч үүнтэй холбоотой.
Эх сурвалж: vocal.media