Д.Нямхүү: Таван хүнд коронавирус илэрч, зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11692000 хүн өвчилж, 593000 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 6,6 сая хүн эдгэрч 5 сая хүн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн захиарл Д.Нямхүү: Долдугаар сарын 6-ны өдөр нийт 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20-34 насны таван хүнд коронавирус илэрлээ. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.
Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд өгч байгаа дохио сануулга. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шим тэжээлтэй зүйлээр хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна. Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй гэж анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000-аар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.
Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.
ДЭМБ-аас ар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолж байгаа. 9, 10, 11 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Тиймээс бид дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна" гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Бразилд 20 мянга шинэ тохиолдол, 620 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад 1.6 сая гаруй хүн шинээр халдвар авч, 60 мянга гаруй хүн нас барлаа. Бразилийн 9000 гаруй хүнд сайн дурын үндсэн дээр БНХАУ-д бүтээсэн “Синовак” хэмээх коронавирусийн вакцины туршилтад орж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 12075 иргэн тусгаарлагдсан ба өнөөдөр 2875 иргэн тусгаарлах байранд байна. 0-5 хүүхэд 176, 104 жирэмсэн эх байна. Нийслэлд 573 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол Баянхонгороос бусад бүх аймагт 4-26 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж байгаа 5 эх амаржсан. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Давхардсан тоогоор 26 мянга гаруй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан. Замын-Үүдэд 125 иргэн, Орхонд 85 иргэн, Дархан-Уул аймагт 134 иргэн тусгаарлаж байна.