Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд өвчний улмаас 2020 оны долоодугаар сарын 4-ний өдөр зуурдаар нас нөгчсөнд талийгаачийн эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
У.Барсболд 1964 онд Улаанбаатар хотноо төрсөн. Бага, дунд сургуулиа алтан медаль, улаан дипломтой төгсөж, улмаар Москва хотноо Плехановын их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшсэн юм. Тэрбээр 1986 онд Худалдаа бэлтгэлийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, Яамны коллегийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын бөөний худалдааны газрын худалдаа эрхэлсэн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын референт, Үйлдвэр, худалдааны яамны орлогч сайд, Монголын эд хэрэглэгчдийн Төв зөвлөлийн дарга, “Анхны хоршоо” корпорацын Ерөнхий захирлын албыг тус тус хашиж байв.
У.Барсболд Байгаль, орчны сайдаар ажиллахдаа (2000-2006 он) Монгол орныхоо байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний хичээл зүтгэлийн ачаар ногоон хэрэм, усны шинэтгэл хуулиудыг санаачлан батлуулснаар байгалийн үзэмж төгөлдөр цогцолбор нутаг, ан амьтад төрийн тусгай хамгаалалтад орж, эвдрэл сүйтгэлээс аврагдсан байдаг.
У.Барсболд Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн нэгэн чухал компонент болсон Бизнес хөгжлийн агентлагийг үндэслэн, 20 гаруй жил удирдахдаа Монгол оронд зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. У.Барсболд нь 2005 онд Плехановын академид эрдэмтэн, Данийн эзэн хааны академид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд Европын холбооны Мэдээллийн их сургуулийн профессор байсан юм. Түүний байгуулсан Голланд Маастрыхтийн их сургуулийн салбар, Плехановын их сургуулийн Улаанбаатар дахь салбар дээд сургуулийг түшиглүүлэн үндэслэсэн Ю.А.Гагарины нэрэмжит Орос-Монголын хамтарсан лицей нь Монголын олон зуун залууст олон улсын шилдэг боловсрол олгосоор байна.
Тэрбээр МАХН /МАН/-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, МАСЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАХН-ын “Улаан сарнай хөгжил хөдөлгөөн”-ий ТТБ-ын тэргүүнээр ажиллаж байсан юм.
Монгол оронд зах зээл, ардчиллыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байгаль орчны болон худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Уламбаярын Барсболдын хөдөлмөрч хичээнгүй, шулуун шударга чанар, хүнлэг даруу, нөхөрсөг зан, шинэ сэргэг бүхнийг санаачлан манлайлах чадвар нь бид бүхний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ