Угтах хаалганаас унаж нарийн гэдэс нь тасарсан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ
Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын харьяат 6 настай, эмэгтэй долдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар угтах хаалганы хөшөөнөөс унаж, хүнд гэмтжээ.
Газарт унасны улмаас хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан учир тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нар энэ сарын 05-нд хагалгаа хийсэн байна.
Охины ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний баг болон ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр нисэж, мөн өдрийн 17:02 цагт Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хотод авч ирсэн байна. Охиныг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ.