Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн пүрэв, баасан гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанаас шүүгдэгч С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзсэн юм.
Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг өнөөдөр хийлээ. Шүүх хуралаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасахаас гадна зургаан жил хорих ял оноолоо. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарт түүнтэй адил ял оноов.
Д.Түвшинжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, таван жил хорих ял оноолоо. Түүнчлэн Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жил хорих ял оноож байгааг шүүгч танилцууллаа.
Эх сурвалж: Eagle.mn