Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна
Уг технологи нь хяналтын камерт суурилсан бөгөөд ажлын талбар дээр байрлаж буй ажилтнуудын аюул, эрсдэлд орох хэмжээг зааж, мэдээлэл өгч, хийж буй үйлдлүүдийг судалдаг байна. Мөн түүнээс гадна дэмий сэлгүүцэгчдийг ч илрүүлэх давуу талтай гэнэ.
Барилгын талбай дээрх гэнэтийн аюулыг тооцоолох нь нэн тэргүүний шаардлага бөгөөд мөн түүнчлэн ажилчдын зан байдал, сэтгэл санааны байдлыг ч тодорхойлдог байна.
Уг технологийг Бээжин хотын Автоматжуулалтын хүрээлэн зохион бүтээсэн бөгөөд бага зэргийн сайжруулалт хийсний дараа уг бүтээл нь аюулгүй байдлын хэмжээг үлэмж нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар уг бүтээлийн гол үүрэг нь аюулыг тооцоолж урьдчилан сэргийлэх бөгөөд ажилтан хамгаалалтын дуулга өмсөөгүй, хориотой бүсэд нэвтрэх, царай төрхийг таних болон зодоон хийх гэх мэт дүрмийн зөрчлүүдийг бүгдийг бүртгэж, мэдээлж байгаа ажээ.
Хятад улс барилгын салбарын ажиллах хүчээрээ дэлхийг тэргүүлдэг бөгөөд ихэнх төслийн хүрээнд ажиллах хугацаа, төлөвлөгөө зэрэг нь шахуу байдаг ажээ. Үүнээс болж Бээжин гэх мэт томоохон хотуудад барилгын явцад олон ажилчид ослоос болж амь насаа алддаг бөгөөд нас барсан хүний тоо бусад салбарын ослоор нас барсан тохиолдлуудтай харьцуулахад хамгийн өндөр байгаа юм.
Гуанжоу мужийн томоохон барилгын компанийн нэрээ нууцалсан зааварлагчийн мэдээлснээр: “Хүмүүс маш энгийн, тэнэг алдаанууд гаргадаг. Экскаватор барьж байхдаа гар утсаараа тоглох гэх мэт үйлдлүүд нь өндөр эрсдэл үүсгэдэг. Технологийн заавар, удирдамжийн ачаар олон хүний амь нас аврагдах байх” гэжээ. Хэдий уг технологи дөнгөж шинээр хэрэглэгдэж эхэлж буй хэдий ч аль хэдийн олон хотуудад хэрэглээд эхэлсэн ажээ.
Мөн түүнчлэн зарим улсууд ижил төрлийн технологийг хэрэглэж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post