Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой
Зуны улиралд хүний биеийн шар үсний сүвүүд нээгдэж, тэрхүү нүх сүвээр биеийн галын илч гадагшилдаг. Үүний улмаас ходоодны хоол, унд шингээх хүч эрс багасдаг.
Тиймээс идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал гэсэн 7 тамир боловсорч, цөв ялгарах бодисын солилцооны үйл ажиллагаа сулардаг. Энэ үед хоолны хэмжээг багасгаж хөнгөн, бүлээн тослог шимтэй идээ ундыг бие махбод, насны байдалд нь харгалзуулж хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ зуны улиралд хийн бэлгэ хийн чанарууд ихсэж, хий хөдөлж байгаа учир хэт өлсөх, хоол сойхыг тэвчиж, шимтэй хоолыг тохируулан хэрэглэнэ.
Өглөөний 3:40-7:40 болон 15:40-19:40 цагийн хооронд хийн бэлгэ чанарууд идэвхжиж хөдөлдөг. Энэ үеэр хий дарах бага зэргийн хоол унд хэрэглэвэл зохистой. Өглөө сайтар будалгаж ширгээсэн усанд бурам, зөгийн бал хутгаж уух, хийцтэй цай болон сүүтэй цайнд бага зэрэг шар тос хутгаад ууж болно. Харин үдшийн цагаар нэг аяга цагаан будааны шингэн зутан, борцтой шөл, хонины махны шөл, шингэн бантан, луувангийн зутан шөл, тараг, хөөрүүлсэн халуун бүлээн сүү, багахан хэмжээний шимийн архи зэргийг ууж болно.
Хоолондоо сонгино, сармис, цагаан гаа, гоньд, жамц давс зэргийг нэмж болно. Харин өдөр дунд 11:40-15:40 хооронд шарын бэлгэ чанарууд ихэсдэг учир энэ цагаар хоногийн үндсэн хоол тэжээлээ хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ сэрүүн, хүнд шингэхэд бэрх болон хурц хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Ямаа, тэмээний мах, хэт шарж хуурсан мах, түүхий бүрэн гүйцэд боловсроогүй үр, жимс, ногоо зэрэг сэрүүн хүнд чадалтай хоол унд нь идсэнээр хий арвидаж ходоодны илч шингээлт буурдаг. Тиймээс аль болох тослог бүлээн чадалтай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундны хэмжээг нь тохируулан хэрэглэвэл тохиромжтой.
Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхмийн багш, УАУ-ы их эмч Б.АЮУШЖАВ