"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов
Элон Маскийн "Тесла" 10 жилийн дотор зах зээлийн шинэ тоглогчоос брэндийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэх томоохон үйлдвэрлэгч болж чаджээ.
Энэ оны нэгдүгээр сард цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Тесла" компанийн хувьцааны нийт өртөг 81.39 тэрбум ам.доллар хүрснээр АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болоод байсан юм.
Харин өнгөрсөн лхагва гарагийн арилжаа нээгдэх үед "Тесла"-ийн хувьцаа 4 хувиар өсөн 1,129.18 доллар болж сүүлийн 52 долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны нийт өртөг 208 тэрбум долларт хүрч, "Тоёота"-г гүйцэн дэлхийд тэргүүлж эхэлжээ. Харин Японы тэргүүлэх үйлдвэрлэгчийн өртөг 202.74 тэрбум байгаа аж.
Хэдийгээр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болсон ч "Тесла"-ийн үйлдвэрлэлийн болоод хэрэглэгчийн цар хүрээ төдийлөн дэлхий дахиныг хамарч чадаагүй байна. 2019 онд тус компани цахилгаан хөдөлгүүртэй 367,500 машин үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 50 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харьцуулвал "Тоёота" жилд 10 сая машин үйлдвэрлэдэг аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар "Тесла" компани автомашин үйлдвэрлэгч гэхээсээ илүү технологийн компани маягаар зах зээлд тоглолт хийдэг нь хөрөнгө оруулагчдын тоог улам ихэсгэхэд нөлөөлсөн ажээ.