Батлагдсан тохиолдол 220 байгаагаас 183-ыг эмчлэн эдгээгээд байна
ЭМЯ-ны ээлжит мэдээллээр долдугаар сарын 3-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.Мөн 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд мөн коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц авч шинжлэхэд вирусийн халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй" гэв.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 байгаагаас 183-ыг эмчлэн эдгээгээд байна. Одоогоор 37 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 31 нь хөнгөн, хүндэвтэр 6 хүн байгаа юм.
Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран амаржуулжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тусгаарлалтад байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ. Өнөөдөр өглөө 5 цагт ХӨСҮТ-д хүү төрлөө" гэв.