Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ
Япон улсын хамгийн сүүлд зохион бүтээсэн хурдан галт тэрэг нь илүү хурдан, илүү тухтай болсноос гадна газар хөдлөлтийн үед ч зорчигчдийг аюулгүй байлгах чадвартай болсон байна.
Шинээр бүтээсэн N700S загвар нь өнгөрөгч 7-р сарын 1-ний өдрөөс ашиглалтад орсон бөгөөд Токайдо-Шинкансен чиглэл буюу Токиогийн өртөөнөөс Осакад байрлах Шин-Осака өртөө хооронд зорчиж байх ажээ.
Уг галт тэрэг нь цагт 360 км хүртэл хурдлах бөгөөд 2019 онд хийсэн туршилтаар шинэ рекорд тогтоосон байна. Гэсэн хэдий ч үйлчилгээний хугацаанд цагт 285км хурдлах байдлаар тохируулж байгаа ажээ. Уг галт тэргийг 2020 оны Токиогийн Олимпд зориулж бэлдсэн боловч харамсалтайгаар дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас Олимпын наадам хойшлоод байгаа билээ.
Япон улс анх 1964 онд тухайн жилд Токио хотод болсон олимпын наадамд зориулж дэлхийн хамгийн анхны хурдан галт тэрэгний чиглэл үүсгэж байсан нь мөн л Токайдо-Шинкансен байсан юм.
Уг хурдан галт тэрэг нь өмнөх N700 болон N700A загваруудтай ижил төстэй загвараар бүтээгдсэн юм. Дотоод гэрэлтүүлэг нь тайван, зөөлөн дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээр загварчлагдсан бөгөөд толгой дээр байрлах тээшний тавцан нь зогсох бүрд зорчигчдод ачаагаа мартахаас сэргийлж гэрэлтүүлж мэдэгдэж байх ажээ. Мөн уг загварт өмнөх үеийн хурдан галт тэрэгнүүдээс илүү нэмэлт тээш агуулах боломжтой болсон байна.
Хөдөлгөөнд оролцож байгаа үед нь шинэ төрлийн амортизаторын тусламжтайгаар илүү чимээ багатай, зөөлхөн явдалтай болсон ажээ. Тав тухтай байдлаас гадна аюулгүй байдал дээр нь ч мөн онцгой анхаарч ажилласан байна. Мөн түүнчлэн уг галт тэрэг өөртөө lithium-ion төрлийн тэжээлтэй бөгөөд уг төхөөрөмж нь цахилгаан тасалдсан үед түр хугацаанд галт тэргийг өөрийн цэнэгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжыг хангаж өгч байгаа юм. Энэ төрлийн систем нь хурдан галт тэргэнд хийгдэж байгаа анхны тохиолдол бөгөөд гэнэтийн аюулын үед галт тэрэг илүү бага, тохиромжтой хурдаар зорчигчдыг аюулын бүсээс холдуулах зорилготой ажээ.
Эх сурвалж: CNN