АНУ коронавирусийн эмийн бүх нөөцийг худалдан авснаар дэлхийд хомсдол үүсчээ
АНУ нь корона вирусийн эсрэг эмчилгээнд батлагдсан өндөр үр дүнтэй гэж тооцогдсон ремдесивир нэртэй эмийн гурван сарын нөөцийн 90 хувийг дангаар худалдан авснаар Европын холбоо болон бусад улсууд тус эмийн гачигдалд орсон тухай “The Guardian” бичсэн байна.
Ливерпулийн их сургулийн ажилтан ЭндрюХилтон энэ талаар ярихдаа АНУ нь зургаадугаар сарын сүүлээр ремдесивирын 500 мянган тун захиалсан тул Европт юу ч үлдээгүй гэсэн байна.
АНУ-ын Харшил ба халдварт өвчний үндэсний төвийн эрдэмтэд ремдесивир нь COVID-19 –өөр өвдсөн хүмүүсийн эдгэрэлтийг бодитоор хурдасгадаг гэдгийг нотолсон юм. Эмнэлгийн нөхцөлд эмийн үйлчилгээг туршин шалгахад корона вирусийн халдвар авсан 1063 хүн оролцсон бөгөөд тус эмийг хэрэглэсэн өвчтөнүүд илүү хурдан эдгэрч байжээ.
Ремдесивир нь Эбола тахлыг эмчлэхэд ашиглаж байсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь корона вирусийн эсрэг батлагдсан үйчилгээтэй эмийн бүх нөөцийг АНУ худалдан авсан тухай мэдээллийг авсан, тодруулан шалгах ажил явуулж байгаа гэдгийг тус байгууллагын онц байдлын хөтөлбөр хариуцсан захирал МайклРайан мэдэгджээ. Тэрээр “Бид хэвлэлээр гарсан мэдээлэлтэй танилцсан. Манай байгууллага нь тус мэдээлэл бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгахыг хичээж байна. Бид хүмүүсийн амь насыг аварч болох эмчилгээд бүгдэд хүрэлцээтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна” гэжээ.
Тус эмийг үйлдвэрлэдэг “Gilead Sciences” компани корона вирусийн тахлын хүнд хэцүү үе гэдгийг бодолцоод хөгжилтэй улс орнуудад бүгдэд нь адил үнээр зарахаар болсон тухайгаа зарлаж байсан. Тус компанийн мэдэгдэлд “Бид худалдан авах чадвар хамгийн багатай хөгжилтэй улс авах хэмжээнд хүртэл үнийг багасгасан. Энэ үнээр хөгжилтэй гэж тооцогддог бүх улсуудад зарах болно” гэжээ. Ингэснээр хөгжилтэй орнууд ремдесивирийн нэг ампул нь 390 ам.доллар байхаар болсон. COVID-19-ийн халдвар авсан өвчтөнд дунджаар таван хоногийн дотор зургаан ампул тарихад өвчнөөс бүрэн эдгэрч байжээ. Өөрөр хэлбэл нэг өвчтөнд 2340 долларын зардал гаргана.
Эх сурвалж: The Guardian