НМХГ-аас явуулсан шалгалтын үр дүнд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан шатахуун түгээх 10 станц, хийгээр цэнэглэх 3 станцыг хааж, прокурорын хяналтад арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.
Тус газраас 21 аж ахуйн нэгжийн шатахуун хадгалах 20 агуулах, 239 ШТС, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, 4 хийгээр цэнэглэх станц, 2 байгалийн хийгээр цэнэглэх станцад шалгалт явуулжээ. Ингэхдээ тус бүрийн газрын байршил, аюулгүйн зай хэмжээ, үйл ажиллагаа нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг зэргийг шалгаж дүгнэлт гаргажээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй ШТС-уудын үйл ажиллагааг зогсоож, холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцсон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдын хэлснээр "Шунхлай группын хоёр, Интер Стандарт нефть компанийн гурав, Сод Монгол, Хүрээ инвест, Мойл компанийн тус бүр нэг, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд нь байгаагүй учраас улс байнгын ашиглалтад хүлээж авахгүй. Зөрчилтэй байгаа гэсэн үг. Гэтэл дээрх компанийн ШТС-ууд үйл ажиллагаагаа дураараа явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд манай байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох, зөрчлийг нь арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг нь буулгуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Энэ жил гурван ШТС-ыг буулгуулсан.” гэв.
Мөн шалгалтын явцад батлагдсан зураг төсөлгүйгээр ШТС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн 26 ААН, 1 иргэнд зөрчлийн хуулиар торгож, зөрчлөө арилгах, даалгавар хүргүүлсэн байна. Цаашид шалгалтын явцад өгсөн даалгаврын хэрэгжилтэд анхаарч, ШТС, газ түгээх станцуудад тавих хяналтыг нэмэгдүүлж, эрчимжүүлэхээр болжээ.