Ботсвана улсын умард хэсэгт учир битүүлэг шалтгаанаар олон зуун заан үхсэн бөгөөд одоогийн байдлаар нийт тоо нь 350 даваад байна.
Заанууд үхэж байгаа мэдээлэл нь анх өнгөрөгч тавдугаар сарын эхээр Окованго Дельта-д мэдэгдсэн бөгөөд, тухайн үед 169 заан үхсэн байжээ. Харин дараагаар нь зургадугаар сарын дунд үе гэхэд уг тоо нь хоёр дахин нэмэгдсэн ажээ. Ихэнх зааны цогцос ундны усны хэсгүүдийн ойролцоогоос олдож байгаа юм.
Их Британийн Үндэсний Паркуудад туслах сайн дурын хөтөлбөрийн тэргүүн доктор Найалл МкКэнн: Миний санахаар ийм хэмжээний олон тооны үхэл нэг дор болж байсан тохиолдол гаралгүй маш удаж байгаа гэжээ.
Ботсвана улсын засгийн газраас зааварчилсны дагуу үхсэн амьтдын сэгнээс дээж авч шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд шинжилгээний хариу гараагүй байгаа учир амьтад ямар шалтгааны улмаас их хэмжээгээр үхсэн, мөн цаашид хүнд халдварлаж халдварт өвчин тархах боломжтой эсэх тал дээр одоогийн байдлаар хэлэх боломжгүй байгаа юм.
МкКэнн дараагаар нь: Ийм олон тооны заан хүмүүсийн амьдардаг бүстэй ойролцоо олноор үхсэн байгаа хэдий ч засгийн газар нь шаардлагатай, баталгаатай лабораториудруу шинжилгээ хийлгэхээр дээж явуулахгүй байгаа нь миний гайхшралыг төрүүлж байна гэсэн юм.
Ихэнх цогцсоос үзэхэд заанууд эгц урагшаа нүүрээрээ унасан байдалтай байна
Уугуул иргэдийн мэдэгдэж байгаагаар зарим заан нь үхэхээс өмнө тойрог байдлаар тасралтгүй алхаж байсан гэсэн бөгөөд энэ нь мэдрэлийн асуудал үүссэнээс байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ихэнх цогцсоос харахад заанууд эгц урагшаа нүүрээрээ унасан байдалтай байгаа бөгөөд энэ нь тэднийг маш богино хугацаанд үхсэн гэдгийг харуулж байна. Харин бусад нь тойрог замаар алхах зэрэг байдлаар удаан хугацаанд үхсэн байгаа. Шинж тэмдгүүд өөр өөр байгаа учир юунаас болж үхсэн гэдгийг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа ажээ.
Зимбабве улсын хулгайн анчид цианидаар хордуулдаг арга хэрэглэдэг нь нэг боломжит шалтгаан бөгөөд гэсэн хэдий ч амьтдын сэг зэмээс юу ч аваагүй байгаа нь хачирхалтай хэрэг гэж үзэж байна.
Нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр үхсэн заануудын сэг зэм дээр дунджаас маш цөөхөн тас шувууд хооллож байгаа бөгөөд хачирхалтай нь шувуудаас ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй байгаа ажээ. Үхсэн заануудын соёог хулгайн анчид авахаас сэргийлж тус бүрд нь харуул хамгаалалт гаргаад байна.
Дельта хэсэгт нийт 15000 орчим заан байдаг бөгөөд эдгээр нь Ботсвана улсын нийт зааны тоо толгойн 10 хувийг эзэлдэг байна. Ботсвана улс ДНБ-хээ 12%-г аялал жуулчлалаас олдог бөгөөд ашиг орлогоороо алмазны наймааны дараагаар ордог ажээ. МкКэнний мэдэгдсэнээр аялал жуулчлалаас ихээхэн орлого олдог энэ мэт улсад заан бол алмазтай ижил үнэтэй баялаг гэжээ.
Хөрш зэргэлдээ улс орнуудад заан үхсэн хэрэг огт гараагүй байгаа юм.
Ботсвана улсын Зэрлэг Байгаль болон Үндэсний паркуудын хэлтсийн тэргүүн доктор Сирил Таоло Guardian сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ: Бид заан үхэж байгаа хэргийг сайтар шалгаж байгаа. 350 орчим үхсэн зааны 280-г нь шалгаж баталгаажуулсан бөгөөд үлдсэнийг нь шалгахаар ажиллаж байна. Коронавирусийн улмаас шинжилгээний дээжүүдийг бусад оронд байрлах баталгаажсан лабораториудруу илгээхэд хүндрэл учруулж байгаа. Тиймээс бид дотооддоо шинжилгээнүүдийг хийсэн. Хариу одоохондоо гараагүй байгаа гэжээ. Гэсэн хэдий ч Таоло аль лабораториудад шинжилгээ хийлгэж байгаагаа хэлэхээс татгалзсан байна
Эх сурвалж: The Guardian