Хуримын улмаас Ковид-19 тархсанаар сүйт залуу нас барж, 100 орчим иргэд халдварлажээ
Сүйт залуу хуримын өдрөөс хоёр өдрийн дараа өндөр халуурч нас барсан бөгөөд, түүний цогцост ковид-19 өвчний шинжилгээ хийлгүйгээр шууд чандарласан ажээ.
Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн Патна дүүрэгт нэгэн хурим болсон бөгөөд хуримын дараа сүйт залуу өндөр халуурч эхэлсэн бөгөөд хоёр өдрийн дараа нас баржээ. Түүний цогцост шинжилгээ хийлгүйгээр чандарласан нь Бихар мужид томоохон халдварын голомт үүсэх шалтгаан болсон ажээ. Уг мэдэгдлийг өнгөрөгч мягмар гаригт Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд хийсэн бөгөөд нийслэл хотоос 55км зайд байрлах Патна дүүргийн 100 орчим иргэд халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд цаашид эхний хавьтал байж болох 350 орчим иргэнийг шалгаж байгаа юм байна.
Хуримд оролцсон гэр бүлийнхний 15 орчим хүн халдвар авсан байсан бөгөөд цаашид бусдадаа халдварлуулсан байна.
Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар сүйт залуу Гуруграмд амьдардаг програм хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд хуримдаа бэлдэх гэж өнгөрсөн долоо хоногт Патнад ирсэн байна. Тилак зан үйл дууссаны дараагаар түүнд өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.
6-р сарын 15-ний өдөр тэдний хурим болсон бөгөөд тэр өдөр сүйт залуу өндөр халуурч, хуримыг хойшлуулах тухай хүссэн ч гэр бүлийн гишүүд нь түүнд парацетамол уулгаж, ёслолд нь оруулсан байна.
6-р сарын 17-ний өдөр түүний бие илт муудсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнийг Патна дүүргийн түргэн тусламжид хүргэж өгөхөөр яаравчилсан ч харамсалтай нь сүйт залуу замдаа амьсгал хураасан ажээ. Цогцсыг албаныханд мэдэгдэлгүй тэр дор нь чандарласан байжээ. Гэсэн ч уг мужид амьдардаг нэрээ нууцалсан иргэн цагдаа нарт утсаар уг үйл явдлуудыг мэдээлснээр уг хэрэг ил болсон юм. Сүйт залуугийн ойрын хамаатнуудаас 6-р сарын 19-ний өдөр шинжилгээ авахад тэдний дундаас 15 хүн эерэг хариу үзүүлжээ.
Албаныхан халдварын цаашид тархахаас сэргийлж хурим болсон газарт хязгаарлах зурвас үүсгэсэн бөгөөд хуримд оролцсон 364 иргэдээс шинжилгээ авсан байна. Уг шинжилгээгээр 86 хүн халдвар авсан болох нь илэрчээ. Халдвар авсан иргэдийг Бихта дахь эмчилгээний төвд тусгаарлаад байгаа юм. Мөн түүнчлэн олон газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа юм байна.
Эх сурвалж: Outlook India