Пакистан улсын Карачи хотод байрлах хөрөнгийн бирж-рүү дөрвөн зэвсэглэсэн этгээд халдаж хоёр хамгаалагч болон цагдаагийн амь насыг хөнөөж мөн 7 хүнийг хүнд шархдуулсан байна.
Дээрэмчид гол хаалган дээр гар бөмбөг тэсэлснийхээ дараа гал нээж эхэлсэн байна. Гэсэн ч цагдаагийн мэдээлснээр тэдгээр халдагчид барилгын гол хэсэгт хүрч амжаагүй байна.
Хөрөнгийн биржийн ажилтнууд тэр даруй өрөөгөө түгжиж зарим хэсгийг нь хамгаалалтын хүчнийхэн аюулгүй гаргаж чадсан байна.
Уг халдлагыг Балуч чөлөөлөх армийн цэргүүд үйлдсэн гэж үзэж байгаа юм. Пакистаны Балучистан мужид байрлах Балуч ястнууд нь олон жилийн турш салан тусгаарлах үзэл гаргаж зэвсэгт мөргөлдөөн хийсээр байгаа билээ
Халдлагын дараа үеийн зураг
Өнгөрсөн даваа гаригт болсон уг халдлагыг хийсэн халдагчид мөнгөлөг өнгийн королла машинаар ирсэн бөгөөд нэвтрэх хаалганы гадна талд цагдаа нар зогсоосон байна.
Хөрөнгийн биржийн хамгаалагчид хариу тулалдаж хүнд зэвсэглэсэн дөрвөн халдагчийг бүгдийг нь хөнөөсөн бөгөөд харамсалтай нь гурван цагдаагийн ажилтан алагдаж, 7 хүн хүндээр шархадсан байна.
Ноён Мемоны мэдэгдсэнээр халдагчид гол барилгад орж чадаагүй бөгөөд, дотогш орохын тулд олон тооны гар бөмбөг, тэсрэх бодис болон галт зэвсэг ашиглаж байсан байна.
Синдх Тусгай хүчний ерөнхий генерал Омер Ахмед Бухкари-н хэлсэнээр халдагчдын халдлага эхэлснээс 8 минутын дотор бүрэн устгасан байна. Тэд барилгад зэвсэглэн халдаж эхэлсний дараа барьцааны хүн авч хэвлэлийн хурал хийлгэхийг шаардаж эхэлсэн байна. Генералын хэлснээр уг халдагчид галт зэвсгээс гадна хүнс бэлдсэн байсан бөгөөд тэднийг удаан хугацаанд уг ажиллагааг төлөвлөж, бэлдсэн гэж үзэж байгаа юм. Пакистан улс олон жилийн турш Исламын шашинтай бүлэглэлүүдийн хийсэн ижил төстэй халдлагуудын золиос болсоор байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ижил төрлийн халдлага багасаад байсан юм.
Эх сурвалж: BBC