Ковид-19 цар тахлын улмаас бидний өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсаар байгаа билээ. Харилцаа холбоо, аялал жуулчлалаас эхлээд гэр бүлийн амьдралд ч аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим талаараа уг өөрчлөлтүүд нь сайн талтай байх байдал ажиглагдаж байна.
14-р зуунд Евразийн эх газар Хар Тахал худалдааны замын дагуу хурдацтай тархсаны адил Хятад улсын Ухань хотоос үүссэн ковид-19 ч өнөөгийн олон улсын Торгоны зам болсон олон улсын нислэг тээврээр дамжиж маш хурдацтай тархсан билээ.
Хэдийгээр коронавирус 14-р зуунд тархсан Хар тахал буюу тарваган тахлын адил олон улсын хэмжээнд их хэмжээний хохирол үзүүлээгүй байгаа ч уг цар тахал нь дэлхийг өөрчлөх нь дамжиггүй болоод байна.
Дэлхий нийтийн хэмжээнд идэвхтэй тэмцэхийн тулд хөл хөдөлгөөн хорьж, олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаа зэргийг хориглосон байгаа нь олон улсын эдийн засаг болон бусад зүйлсэд ч нөлөөлсөөр байна. Ковид-19 бидэнд өнөөгийн дэлхий болзошгүй аюулын өмнө ямар сул дорой байсныг харуулж өгсөн.
Өмнө нь тохиолдож байсан Хар тахал болон 1918 оны Испанийн ханиад зэрэг цар тахлууд дэлхий дахинд маш олон өөрчлөлтүүдийг авч ирж байсан. Коронавирусыг бүр ялсаны дараа ч гэсэн дэлхий дахинд болон хүн төрөлхтөн цаашлаад хувь хүний амьдралд ч өөрчлөлт орохоор байна.
Гэхдээ ямар төрлийн өөрчлөлтүүд удаан хугацаагаар үргэлжилж, ямар нь эргээд хуучин хэвэндээ орох бол?
Бидний хувийн амьдралд гарах өөрчлөлтүүд
Хөл хорио эхэлсэн үеэс бид бүхэн гэнэтийн өөрчлөлтийн шоконд орж, гэр бүлээрээ хамт амьдарч эхэлснээр өмнө байсан үеэс харьцангуй өөр мэдрэмж, өөр ойлголттой болсоор байна.
Хэдий бие биенээсээ тусгаарлагдсан байгаа ч интернет болон цахим сүлжээгээр дамжуулж бид өдөр тутмын ажил хэрэг, харилцаа холбоогоо зохицуулсаар байгаа. Зарим талаараа энэ боломж нь бидэнд өмнө нь байгаагүй шинэ төрлийн сонирхол, хоббигоо олоход ч тусалж байгаа.
Хэдий аюултай байдал, хямрал, хүндрэл үүсгэж байгаа ч гэлээ нөгөө талаар нийгмийн хэв журам, эмх цэгц, баттай байдлыг сахихад ч тодорхой хувийн нөлөө үзүүлж байна.
Тодорхой нэр төрлийн барааны хомстол зэргийн үед дасан зохицох чадвар суулгаж байгаа бөгөөд нөгөөтээгүүр бидний цагаа үрж, хэрэгцээт зүйлсээ цуглуулах шаардлага багасаж томоохон дэлгүүр бүр хүргэлтийн үйлчилгээтэй болж байгаа нь бидний цаг мөнгийг хэмнэх мөн түүнчлэн шинээр ажлын байр бий болгож буй давуу талтай юм. Хэрэглэгдэхүүн болон бусад зүйлсийн хүртээмж багассанаар хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ ч сайжирч байгаа юм.
Ихэнх хүмүүс өнөөдөр хариад ямар хоол хийх билээ гэж бодохоос илүү их зүйлсийн тухай бодож чаддаг болсон байна. Ойролцоох супермаркетаас бэлэн хүнс авах, гадуур хооллохоос илүүтэй гэртээ өөрийн гараар хоол хийж идэж байгаа нь эрүүл хооллох, эрүүл мэнд сайжрах ч давуу талтай байна.
Та бүхэн ажигласан бол маш олон хүмүүс дэлгүүрээс талх худалдан авахаас илүүтэй өөрсдөө хөрөнгө гаргаж талх хийж сурсан. Бусад төрлийн гурилан бүтээгдэхүүнээ өөрсдөө хийх хандлага ч маш их болсон байна. Тасалгааныхаа цонхон дээр мартаад, хааяа санахаараа усалдаг хэдэн цэцэгтэй байсан байдлаас өөрсдийн хэрэгцээний нарийн ногоо, мөөгийг өөрийн гараар ургуулж буй нь маш том давуу тал юм.
Ажил, хөдөлмөрийн өөрчлөлтүүд
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү олон цагийг хамт өнгөрөөж, хичээлийг нь хамт хийж олон туршилт судалгааг нь гар бие оролцон хийж байгаа нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал батжих нөхцөл болж байна. Мөн олон тооны компаниуд ажилчдаа гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь ажлын бүтээмж нэмэгдэхэд нөлөөлсөн гэсэн судалгаа ч гараад байгаа юм. Гэр бүлдээ илүү цагийг зарцуулж, илүү их цагийг замын түгжрэлд биш өөртөө, гэр бүлдээ зарцуулж байгаа иргэдийн аз жаргалын индекс, ажлын бүтээмж тодорхой хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч эдгээр давуу талууд ихэвчлэн оффис ажилтай хүмүүст ажиглагдаж байгаа бөгөөд гарцаагүй шаардлагатай ажилтай, гэрээс ажиллах боломжгүй хүмүүст харилцан адилгүй үр дүнтэй байгаа юм.
Коронавирусийн аюул занал багасаж байгаа улмаас хөл хориог цаашид хөнгөрүүлэх шаардлагатай болж ирсэн. Хэдийгээр хөл хориог цуцалсан ч гэсэн зарим байгууллагууд үргэлжлүүлэн гэрээс ажиллах нөхцөлийг хадгалахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр ажил гэрийн хооронд явах хөдөлгөөн багасаж, замын түгжрэл зэрэгт сайн нөлөө үзүүлнэ гэж итгэж байгаа юм.
Зарим томоохон хотууд иргэддээ нийтийн тээвэр эсвэл хувийн тээврийн хэрэгслийг ашиглахын оронд явган алхах эсвэл унадаг дугуй хэрэглэхийг санал болгож, зам талбайгаа засаад эхэлсэн байна. Цахилгаан мопедийг хориглох хуультай Их Британи улс ч гэсэн уг хуулийг эргэн харж, хуулийн дагуу хэрэглэж болох заалттай болохоор ажиллаж байгаа юм. Энэ бүх аргачлал нь байгаль орчинд эерэгээр нөлөөлж бид цаашид эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа билээ.
Цаг уурын өөрчлөлт
Хүндрэлтэй асуудлууд, эдийн засгийн хямрал гэх мэт хэцүү бүхний ард цаг уур, орчин тойронд ямар өөрчлөлт гарсан бол? Олон улсын хөл хорио сайн нөлөө авч ирсэн үү?
Маш олон хотуудын оршин суугчид хотуудын нөхцөл байдал сайжирсан талаар мэдээлж байгаа билээ. Ихэнх хотуудын агаар илүү цэвэр болж, хотын замын хөдөлгөөн илүү тайван, илүү аюулгүй болсон юм.
Хиймэл дагуулын шинжилгээгээр дэлхийн агаар мандлын нитроген диоксид-н (чулуужсан түлш шатааснаас гардаг агаар бохирдуулагч хий) түвшин ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 30-с 40% буурсан үзүүлэлт гарсан байна. Уг үзүүлэлтээс үзэхэд 2020 оны эцэс гэхэд дэлхийн агаар мандал дахь СО2-н хэмжээ 8 хувиар буурах үзүүлэлттэй байна.
Цар тахлын аюулаас сэргийлж хөл хорио тогтоосон нь халдварыг цаашид тархахаас сэргийлсэн хэдий ч нөгөө талаар дэлхийн агаар мандал, цаг уур болон хүмүүсийн ажил амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байна.
Эх сурвалж: BBC